Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороон дээр “Нэг хаалга-Нэг шинжилгээ” авч буй явуулын цэг дээр ажиллаж, иргэдийг шинжилгээнд хамруулах ажлын хэрэгжилтийг шалгалаа.
Энэ үеэр иргэдийн ирсэн гомдол саналд тайлбар өгч, Нийслэлийн Засаг дарга газар дээр нь ажиллаж зарим асуултад хариулт өглөө.
Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар: Өчигдөр би тодорхой үүрэг даалгавар өгч, тодорхой мэдээлэл өгсөн. Шинжилгээний хариу 72 цаг хүчинтэй гэсэн яриа хаанаас гараад ирэв ээ. Нийслэлийн мэдээ болон холбогдох удирдлагуудтай ярихад хоёрдугаар сарын 8-наас төрийн албан хаагчид PCR-ийн шинжилгээ өгч эхэлсэн. Энэ хүмүүс нэг талаараа албан үүргээ гүйцэтгэж, нөгөө талаас Нэг хаалга-Нэг шинжилгээнд хамрагдаж байгаа өрхөө төлөөлсөн гэж үзэж байгаа шүү дээ. Хоёрдугаар сарын 8-нд шинжилгээ өгсөн төрийн албан хаагчид чинь цаана байгаа өрхөө төлөөлж байгаа шүү дээ. Өрх бүрээс нэг иргэн шинжилгээнд хамрагдсан бол тэр өрхийн хүмүүс тэр бичгийг нь үзүүлээд явах ёстой шүү дээ. Хүн болгоноос PCR-ийн шинжилгээ авна гэж хэн гээчийн ухаантан нь хэлчихэв. Шинжилгээний хариу 72 цаг хүчинтэй гэж хэн гаргасан юм бэ. Эрүүл мэндийн яам, Цагдаагийн Ерөнхий газар, НЭМГ, Замын цагдаагийн газраас тэгж шаардаж байна гэж иргэд бухимдаж байна дээ. Ийм худлаа мэдээлэл гаргасан хүнээ ол. Иргэдийг ингэж төөрөгдүүлж болохгүй. Дээр нь ухаантай царайлж, шинжилгээний хариу 72 цагийн хугацаанд хүчинтэй гэж өөрийнхөө бодлоор төрийн гаргаж байга бодлого шийдвэрийг төөрөгдүүлдэг явдлыг засч, залруул” гэлээ.
Л.Баяр