Оросын холбооны улсын хэдэн арван хотод, мөн хилийн чанадад Алексей Навальный-гийн дэмжигчдийн “Хайр айдсаас ч илүү хүчтэй” нэртэй жагсаал цуглаан өчигдөр боллоо. Энэ удаагийн жагсаал Алексей Навальный-г дэмжсэн өмнөх цуглаануудыг бодвол ямар нэгэн томоохон баривчлан саатуулах ажиллагаагүй, цагдаа нар жагсагчдыг хүчээр тараагаагүй, тайван цуглаан болсон байна. “ОВД-Инфо”-гийн мэдээлснээр Москва, Новосибирск, Казаньд нийт 12 хүнийг саатуулжээ.
Москвагийн Арбатын гудамжинд 300 хүн Алексей Навальный-гийн эхнэр Юлия, түүнчлэн улс төрийн хоригдол эмэгтэйчүүд, шүүх, цагдаагийн байр, түр саатуулах байранд өдөр хоногоо өнгөрөөж байгаа бүх хүнтэй эв санаа нэгтэй байгаагаа илэрхийлэн гинжин хэлхээ үүсгэн зогсчээ. Петербургт 70 орчим хүн эмэгтэйчүүдийн эв санаа нэгдлийн хэлхээ бий болгосон байна.
Харин Казань хотын төвд сонгуулийн хуулийн өөрчлөлт, элдэв баривчилгаа, хилс хэргийн эсрэг 200-аад хүн жагссанаас “Социалист альтернатив” хөдөлгөөний 9 идэвхтнийг цагдаа нар саатуулжээ.
Мөн олон хотод оройн 20 цагт Навальный-г дэмжигчдийн гэрэлтэй флэшмоб зохион байгуулагдсан байна. Навальный-гийн штабуудын тэргүүн Леонид Волков иргэдийг 15 минутын турш гэрлээ асааж үзэл бодлоо илэрхийлэхийг уриалжээ.
Хоёрдугаар сарын 14-ний арга хэмжээнээс хэдхэн хоногийн өмнө Оросын засаг захиргаанаас хууль бус, зөвшөөрөлгүй ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулбал захиргааны шийтгэл хүлээлгэнэ гэж анхааруулж байсан юм.
Орчуулсан Э.Март