Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн Шуурхай удирдлагын хэлтэст 2021 хоёрдугаар сарын 11-15-нд нийт 142 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 57 дуудлага мэдээллийг хүлээн авч, шийдвэрлэж ажиллажээ.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас дөрвөн хүн гэмтэж бэртсэний нэг нь хүүхэд байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт хоёр хүний амь нас хохирчээ.
Хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл
- Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр 2
- Мөргөлдөх хэлбэрээр 1 тус тус бүртгэгдсэн байна.
Хүний амь нас хохирсон зам тээврийн ослууд:
- 2021 оны хоёрдугаар сарын 11-ний өдрийн 13:00 цагийн орчимд Өвөрхангай аймаг Өлзийт сум 3-р баг “Цагаан өндөр” гэх газар /сумын төвөөс урагш 15км/ шороон замд Нүүдэлчин маркийн, улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолооч 61 настай иргэний амь хохирсон.
- 2021 оны хоёрдугаар сарын 13-нд 01:00 цагийн орчимд Архангай аймаг Батцэнгэл сум Цац баг “Баруун урд гэх газар сумын төвөөс зүүн хойш 14 км/ шороон замд Hyundai porter маркийн автомашины жолооч ухрах үйлдэл хийх үедээ явган зорчигч 46 настай эрэгтэйг мөргөж амь насыг нь хохироосон.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 187 зөрчил илрүүлсний 121 нийслэлд, 66 орон нутагт бүртгэгдэж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлүүдээс дурдвал:
- 2021 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр 01:00 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Их тойруугийн гудамж, 39 дүгээр сургуулийн зүүн замд Toyota aqua автомашины жолооч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ /др:1.24%/ тээврийн хэрэгсэл жолоодож замын хажуугийн гэрлийн шон мөргөж, зорчигч 4 настай охиныг гэмтсэн.
- 2021 оны хоёрдугаар сарын 11-ний өдөр 04:30 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Баянбүрдийн тойргийн зүүн замд Toyota mark2 маркийн автомашины жолооч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ /др:1.77%/ тээврийн хэрэгсэл жолоодож Lexus GS4520 загварын автомашинтай мөргөлдсөн.
Нийт иргэд, жолооч нартаа анхааруулахад Монгол Улсын Засгийн газрын энэ оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн 27 дугаар тогтоолоор “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжсэн” байгаа тул үйл ажиллагаагийн хориглоогүй 14 байгууллагын зөвшөөрөлтэй ажилчин, алба хаагчдаас бусад иргэдийг замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба