Мал эмнэлгийн ерөнхий газар /МЭЕГ/-аас XVII жарны төмөр хулгана жилд, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, шинжлэх ухаан, технологийн дэвшлийг ашиглаж үр дүнтэй ажилласан байна.
Мөн төр, хувийн хэвшлийн мал эмнэлгийн байгууллага, малчидтай хамтарч ажилласны үр дүнд малын гоц халдварт өвчнөөр тайван байдлаа хадгалж, халдварт болон халдваргүй өвчний гаралт буурч, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспорт нэмэгдэж, малчдын ашиг орлогыг нэмэгдүүлсэн юм байна.
МЭЕГ-аас Сар шинийн өмнөхөн салбарынхаа ажлыг дүгнэж “Оны аварга-2020” шилдгүүдийг шалгаруулсан байна.
Цар тахлын хүнд нөхцөл байдал ажиллаж байгаа ч Мал эмнэлгийн салбарынхан цар тахлын эсрэг тэмцэлд тэргүүн эгнээнд мөр зэрэгцэн ажиллаж байгаа юм.
“Оны аварга Мал эмнэлгийн тасаг”– Баян-Өлгий аймгийн “Цэнгэл сумын мал эмнэлгийн тасаг” шалгарлаа.
“Оны аварга Мал эмнэлгийн үйлчилгээний нэгж”- Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Юмт гэгээ” ХХКомпани шалгарсан байна. Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 1,057,600 малыг хамруулж, гүйцэтгэлийг мал эмнэлгийн нэгдсэн системийн бүртгэл, нэгжийн ажил үйлчилгээний цар хүрээг нэмэгдүүлж, боловсон хүчнийг мэргэшүүлэх, дадлагажуулахад онцгой анхаарч, шинэ ажлын байр бий болгожээ.
“Мал эмнэлгийн үйл ажиллагааг дэмжигч байгууллага”- Нийслэлийн Засаг Даргын тамгын газар тодорчээ. Нийслэлийн Засаг даргын тамгын газар нь Мал эмнэлгийн ерөнхий газартай хамтран Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, малын өвчингүй тайван байдлыг баталгаажуулах, хадгалах, мал, амьтнаас хүнд дамжин халдварладаг бруцеллёз өвчний халдварлалтын түвшин, эрүүл бүсийг тогтоож, нөхөн төлбөр 124 сая төгрөг, хүний бэтгэ өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн нутаг дэвсгэр дэх өрхийн 15 мянган нохойг бүртгэлжүүлэх, үржлийг саатуулах, туулгалт хийх ажилд зориулж орон нутгийн төсвөөс 400 сая төгрөг шийдвэрлэн хэрэгжүүлсэн.
“Оны аварга мэргэжилтэн”-Хөвсгөл аймгийн Мал эмнэлгийн газрын Өвчний мэдээ, тайлан, цахим бүртгэл, хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Л.Баярмаа шалгарчээ.
“Оны аварга малын эмч”- Сонгинохайрхан дүүргийн Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн “Буян хөхий” ХХК-ны захирал Малын их эмч А.Амарбаян шалгарлаа.
“Оны аварга лабораторийн эмч ажилтан”-Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн Нян судлаач Ц.Оюундэлгэрийг шалгарууллаа.
“Оны аварга санхүүгийн ажилтан”– Дундговь аймгийн Мал эмнэлгийн газрын Нягтлан бодогч Ж.Болор-Эрдэнэ шалгарчээ.
“Оны аварга эрдэмтэн”- Мал эмнэлгийн сургуулийн Дотор өвчин, эм судлалын тэнхимийн профессор, шинжлэх ухааны доктор П.Болормаа шалгарлаа.
“Оны аварга Мал эмнэлгийн газар”- Сэлэнгэ аймгийн Мал эмнэлгийн газрыг тодрууллаа. Тус аймаг нь Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, лабораторийн шуурхай бэлэн байдал, Мал эмнэлгийн нэгдсэн систем нэвтрүүлэх, халдварт өвчингүй тайван байдлаа хадгалах, тандан судлах арга хэмжээг амжилттай зохион байгуулан ажиллажээ. Мөн Хэнтий аймгийн мал эмнэлгийн газар II байр эзэлсэн бол Тусгай байрт Нийслэлийн Мал эмнэлгийн газар, Төв аймгийн Мал эмнэлгийн газар тус тус шалгарлаа.
Мал эмнэлгийн ерөнхий газар