Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2021 оны 02 дугаар сарын 14-ний өдөр боллоо. Хурлаар “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г батлах тухай хэлэлцэв.
Засгийн газар иргэдийн эрүүл мэндийг хамгаалж, эдийн засгаа сэргээхэд 10 их наяд төгрөг зарцуулахаар болоод байгаа билээ. Тэгвэл “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд:
– Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай хоёр их наяд төгрөгийн зээл
– Залуучуудыг ажил, мэргэжилд бэлтгэх, эрүүл чийрэг, идэвхтэй амьдралын хэв маягт хөтлөх хоёр сарын хугацаатай, сарын 500 мянган төгрөгийн тэтгэлэгт сургалтад хамруулахад 500 тэрбум төгрөг
– Эхний ээлжинд Улаанбаатар хотод барих “Залуус I, II, III” хорооллын дэд бүтэц, газар олгох, орон сууцыг нэг маягийн зургаар барих, ипотекийн хөнгөлөлттэй зээл олгох зэрэгт гурван их наяд төгрөг
– Стратегийн ач холбогдол бүхий томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд хоёр их наяд төгрөг
– Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, малчдын орлого, амьжиргааг дэмжих зорилгоор 500 тэрбум төгрөг
– Монголбанкны жилд нэг их наяд төгрөг байгаа репо санхүүжилтийг хоёр их наяд төгрөг болгож нэмэх /ингэхдээ жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох 300 сая төгрөгийг 500 сая, уул уурхайн бус экспортын үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох нэг тэрбум хүртэл төгрөгийг гурван тэрбум хүртэл болгох/-ээр тусгасан юм.
Цогц төлөвлөгөөг хэрэгжүүлэх нэг суурь нөхцөл нь “Нэг хаалга-Нэг шинжилгээ”. Үүнийг үр дүнтэй хийхгүйгээр төлөвлөгөө хэрэгжих боломжгүй учир онцгой анхаарахыг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүд, холбогдох албан тушаалтнуудад санууллаа. Цогц төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах Эдийн засгийн Ажлын хэсгийг Сангийн сайд Б.Жавхлан, Эрүүл мэндийн Ажлын хэсгийг Эрүүл мэндийн сайд С.Энхболдоор ахлуулан байгуулав.
Цар тахлын улмаас 2019 онд 5,2 хувийн өсөлттэй байсан эдийн засаг 2020 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр зургаа орчим хувиар унаж огцом агшаад байна. Үүнийг даган 46 мянга гаруй аж ахуйн нэгжид ажиллагсдын тоо гэхэд л 2020 оны гуравдугаар улиралд 70 мянгаар буурчээ. Энэ бүхнийг харгалзан Засгийн газар иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эдийн засгаа сэргээх бодлого, зорилтыг 2023 он хүртэл зэрэг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.