Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдлаа. Хуралдаанаар Засгийн газрын гишүүд COVID-19 цар тахлын эсрэг хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ, вакцинжуулалтын талаар болон тусгаарлах байрны хүрэлцээ, нөөцийн талаарх мэдээлэлтэй танилцав.
Тухайлбал, эхний ээлжид авах вакциныг хадгалах, тээвэрлэх зориулалтын тоног төхөөрөмж бэлэн болсон аж. Эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа эрүүл мэндийн болон төрийн тусгай алба хаагчид, архаг суурь өвчтэй, өндөр настнуудыг эхэлж вакцинд хамруулах юм.
Коронавирусийн халдвар авсан 2,351 иргэн байгаагаас өнөөдрийн байдлаар 1,682 хүн эдгэрсэн. Хэвтэн эмчлүүлж байгаа 621 хүнээс биеийн байдал хөнгөн 536, хүндэвтэр 80, маш хүнд нэг хүн байгаа юм. 2021 оны хоёрдугаар сарын 13-ны байдлаар нэг сая 900 орчим мянган хүн түргэвчилсэн болон PCR шинжилгээ өгөөд байгааг мэдээлэлд онцлон дурджээ.
Түүнчлэн 2021 оны хоёрдугаар сарын 6-ны байдлаар дэлхийн улс орнуудаас 9,143 иргэн, үүний 2,773 нь яаралтай нутаг буцах хүсэлтээ илэрхийлжээ. Нийслэлийн хэмжээнд ойрын хавьтал, гадаадаас ирэх иргэдийг тусгаарлах 20 зочид буудлын 1,012 өрөөний бэлэн нөөцтэй, цаашид ашиглах боломжтой гэж үзэн 11 буудлын 446 өрөөг нөөцөд бүртгэж авчээ.
Одоогоор Улаанбаатар хотын 40 зочид буудлын 1,900 өрөөг тусгаарлан ажиглах байрны зориулалтаар ашиглаж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.