Хоёрдугаар сарын 10-нд шилжих шөнө буюу 00:00 цагт Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймагт очсон иргэн бусдын шинжилгээний бичгээр тус аймагт ирсэн ба шинжилгээгээр Covid-19 халдвар илэрсэн байна.
Иргэд А нь нийслэлд PCR шинжилгээ өгөөд ирсэн гэх ч сумын төвийн спортын ордонд түргэвчилсэн оношлуураар шинжилгээг дахин авахад эерэг гарчээ.
Шалгалтын явцад тухайн иргэн нийслэлд PCR шинжилгээ өгчхөөд хариугаа авалгүйгээр найз болох иргэн Э-ийн бичиг баримтыг ашиглан автобусанд суусан байсан нь илэрсэн аж.
Тус иргэнийг ХӨСҮТ-рүү яаралтай буцаасан. Иргэн А-тай хамт нэг автобусанд сууж ирсэн 37 зорчигчоос 15 зорчигч нь замдаа өөр, өөр сумуудад буусан байна. Эдгээр иргэдийг олж сумуудад нь тусгаарласан байна. Мөн Сүхбаатар суманд ирсэн иргэдээ халдвартын тасаг болон Сэлэнгэ зочид буудалд тусгаарласан.
Сэлэнгэ аймагт коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдсэнээс хойш одоогийн байдлаар Алтанбулаг сум 80, Сүхбаатар сум 48, Мандал сум 49 хоносон тул өчигдөр “Эрүүл бүс” хэмээн зарлаад байсан юм.
Тиймээс тухайн сумдаас зорчих иргэдээр асуумж бөглүүлж, шаардлагатай тохиолдолд түргэвчилсэн оношлуураар коронавирусийн шинжилгээ авч нийслэл болон бусад аймгууд руу нэвтрүүлэхээр болсон юм.
Л.Баяр