Хоёрдугаар сарын 11-ний 06.00 цагаас хоёрдугаар сарын 23-ны 06.00 цаг хүртэл нийслэлд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжинэ. Үүнтэй холбоотойгоор авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабын удирдлагын багийн гишүүн, дэд хурандаа Э.Эрдэнэбаатар “Өнөөдөр сонин”-д өгсөн ярилцлагадаа “Цагаан сараар иргэд гэрээсээ гарвал 500 мянгаар, үйл ажиллагаа явуулсан ААН-ийг 5 саяар торгоно” хэмээн ярьсан байна.
Үүнийг тодруулбал “Хөл хорио тогтоосон үед иргэд гэрээсээ огт гарахгүй. Нийслэлийг тэр чигт нь цагдаагийн байгууллага хяналтдаа авч, хязгаарлалт тогтооно. Хэрэв иргэд аав, ээж, ах, дүү, хамаатан садныдаа очиж золговол Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авах аж. Тодруулбал, хөл хорио тогтоосон үед гэрээсээ гарсан иргэнийг 500 000, үйл ажиллагаа явуулсан аж ахуйн нэгж, байгууллагыг таван сая хүртэлх төгрөгөөр торгоно гэдгийг хатуу анхааруулжээ.
Хэв журам сахиулах чиглэлээр нийслэлийн Цагдаагийн удирдах газраас хамгаалалт гаргаж, бүх төрлийн хөдөлгөөнийг хорих чиглэлд хяналт тавина. Автомашины хөдөлгөөнийг Тээврийн цагдаагийн албаныхан хянах юм байна.
Зөвхөн зөвшөөрсөн 10 гаруй байгууллагын ажилчдад нийтийн тээвэр 07.00-10.00, 17.00-20.00 цагт үйлчлэх юм байна. Ингэхдээ ажилчин, албан хаагчид ажлын үнэмлэхээ үзүүлж зорчино. Замын хөдөлгөөнд оролцоход автомашинуудад QR код олгохгүй, ажлын үнэмлэх, ажлын газрын тодорхойлолт буюу тусгай зөвшөөрлийг нь үндэслэн хөдөлгөөнд оролцуулна” гэжээ.
Л.Баяр