Гэр хорооллын дахин төлөвлөлтөнд Бүгд найрамдах Хятад Ард улсын Засгийн газраас олгож буй хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламжийг зарцуулахаар Монгол Улсын Засгийн газраас шийдвэрлэлээ. Хоёр тэрбум юаниар Улаанбаатар хотын хөрсний бохирдлыг 75 хувиар бууруулна.
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлуулж инженерийн шугам сүлжээний ажлын зураг боловсруулж төсөвт өртгийг тогтоосон боловч улсын төсөвт хөрөнгө нь суугдаагүйн улмаас зогсоод байсан бол өнөөдөр ийнхүү гацаанаас гарлаа. Ингэснээр барилгын ажил нь эрчимтэй явж байгаа ч дэд бүтцийн асуудал нь зогсоод байсан 15 байршил дахь 32,546 айлын орон сууцны хороолол, түүнийг дагасан сургууль цэцэрлэгүүд баригдаж ашиглалтад орохоор боллоо.
Мөн орон сууцанд орох сонирхолгүй, өмчлөлийн газартаа дээрээ оршин суух хүсэлтэй 10,336 айл, өрх байгаад зориулж тус бүр нь 200-250 айл өрх харъялагдах “Бичил дэд төв”-үүдийг байгуулж тэднийг төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд холбох юм. Дэд бүтцийн эх үүсвэрийг эко байдлаар шийдэж сэргээгдэх эрчим хүч, био бичил цэвэрлэх байгууламж ашиглаж шийдвэрлэнэ.
Мөн инженерийн хангамжийг төвлөрсөн,бие даасан болон холимог шийдлээр хангах юм. Үүнийг дагаж үйлчилгээний чиглэлээр тухайн “Бичил дэд төв” тус бүрийг дагаж 50-80 хүн ажилтай болж, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх 100-150 ажлын байр мөн бий болно гэж тооцоолж байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд ус, дулаан, цахилгаан эрчим хүчний асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэх юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
1 comment
Ulger2