Төрийн алба данхайж, олон мянган албан хаагчийг хаалгаараа оруулж, гаргах асуудал шүүмжлэл дагуулсаар олон оныг үдэж байна. УИХ-ын ээлжит сонгууль явагдсан 2016 оны сүүлийн хагас жилээс хойш 22 .235 мэргэшсэн төрийн албан хаагч ажлаасаа хууль бусаар халагджээ.
Халагдсан албан хаагчдын 42 хувь нь орон сууцны, 89 хувь нь цалингийн зээлтэй, 58 хувь нь оюутны сургалтын өртэй, 15 хувь нь бусад өр зээлтэй байдаг аж.
Энэ асуудлаар өнөөдөр (2017.06.20) “Тогтвортой ажлын байр” ТББ Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа. Тус байгууллага ажлаасаа чөлөөлөгдсөн 30.000 хүний эрх ашгийг хамгаалж шүүхэд хандахаар болжээ.Тэд энэ үеэр эрх баригчид төрийн албыг дээд шатнаас доод шат хүртэл нэг бүрчлэн үнэлж, халаа солио хийсэн болохыг онцлов.
Өнгөрсөн онд Нийслэлийн хэмжээнд төрийн захиргааны төв байгууллага болон яамдаас 10 мянга гаруй албан хаагч тодорхой шалтгаангүйгээр ажлаа хүлээлгэн өгсөн бол орон нутагт аймаг бүрээс 350-700 гаруй албан хаагч ажилгүйчүүдийн эгнээнд элссэн байна.
Өмнө нь 2008 оны УИХ-ын сонгуулийн дараа 7-8 мянган төрийн албан хаагч шилжилт хөдөлгөөнд орж байсан бол мөн л сонгууль явагдсан 2012 оны долдугаар сараас 2013 оны долдугаар сар хүртэл нэг жилийн хугацаанд 11 мянга гаруй албан хаагч төрийн албыг орхисон баримт бий.
Тэд ажлаа өгсөн шалтгаанаа “өөрийн хүсэлт” гэх үгээр тайлбарласан байдаг. Гэсэн ч үнэн хэрэгтээ цэвэр улс төрийн дарамтаар ажлаасаа халагдсан. Тухайн үед нийт дүнгээр 20 мянган хүн төрийн албыг орхиж 30 гаруй мянган хүн шинээр төрийн албаны босгыг давсан байжээ.