Америкийн Нью-Йорк мужийн NYU Langone Health клиникийн эмч нар өвчтөнд нэгэн зэрэг хоёр гар, нүүр амжилттай суулгаснаа зарлалаа. Үүнээс өмнөхөн дэлхий дээр 2009, 2011 онд хоёр ч удаа ийм мэс засал явуулах оролдлого хийсэн ч амжилтгүй болж, нэг өвчтөн нь халдварын улмаас нас барсан бол хоёр дахь нь донорын гар нь таараагүйгээс болоод тайруулахаас өөр аргагүй болсон аж.
Нью-Жерси мужийн иргэн, 22 настай Жо Димео 2018 онд осол орсны аж. Эмийн компанид бүтээгдэхүүн хянадаг байсан тэрбээр шөнийн ээлжинд ажиллаад гэртээ харих замдаа жолооны ард зүүрмэглэснээс болж машин нь замын хаалтыг мөргөж, онхолдон шатжээ. Энэ ослыг харсан өөр нэг жолооч Димеог машинаас татаж гаргаж ирсэн байна.
“”
Залуугийн арьсны 80 орчим хувь нь түлэгджээ. Димео түлэнхийн тасаг эмчлүүлж, хоёр сарын турш комын байдалд байсан гэдэг. Үүнээс болоод залуугийн зовхи, уруул, чих, түүнчлэн хурууны өндөгнүүд нь түлэгджээ. Түүнд 20 гаруй мэс засал хийсэн ч гэмтлээсээ болоод хөл дээрээ босож чадаагүй байна. 2019 оны эхээр түүнийг эрхтэн шилжүүлэн суулгах ажиллагаанд бэлтгэж эхэлжээ.
Эмч нар Димеод тохирох донор олдох магадлал ердөө 6% гэж байсан ч 10 сарын дараа олджээ. Мэс засал 23 цаг үргэлжилж, 16 мэс заслын эмч гээд 80-аад хүн нэгэн зэрэг ажиллажээ. Димеогийн хоёр гарын бугалга хүртэл нь тайрч, дараа нь өөрийнх нь болох донорын шөрмөс, мэдрэлийн судас, нарийн судлуудыг холбожээ. Түүнчлэн Димеод дух, хөмсөг, нүд, зовхи, уруул, чих, нүүрний яс шилжүүлэн суулгасан байна.
Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал 2020 оны наймдугаар сард болсон ч эмч нар шилжүүлсэн эрхтэн ажиллаж эхлэхийг хүлээжээ. Димеог мэс заслын дараа 45 хоногийн турш эрчимт эмчилгээнд эмчилсэн байна. Мөн нөхөн сэргээх эмчилгээнд 2 сар орчмыг өнгөрөөжээ. Арваннэгдүгээр сард Димео Нью-Жерсид байдаг эцэг эхийнхээ гэрт гарсан ч эмчилгээ үргэлжилсээр байна. Өдгөө энэ эр нүдээ нээж,инээмсэглэж, хувцсаа сольж, бие даан хоолоо идэж чаддаг болсон гэнэ.
“Жо үнэхээр эрүүл саруул, залуу, эрч хүчтэй. Бас спортоор хичээллэдэг, эрүүл хүнс хэрэглэдэг. Энэ мэс заслыг хийлгэхэд түүнд эрч хүчтэй, зорилготой гэсэн нэг онцгой чанар нь тус болсон. Тэр аливаад үнэхээр итгэж найдаж чаддаг хүн” хэмээн шилжүүлэн суулгах багийг ахлан ажилласан доктор Эдуародо Родригес мэдэгджээ. Тэрбээр Димеог амьдралдаа харж байсан хамгийн зоримог, зорьсондоо хүрэхийг тэмүүлдэг өвчтөн гэжээ.
Дэлхий дээр гар шилжүүлэн суулгах зуу гаруй, нүүр шилжүүлэн суулгах 50 орчим мэс засал амжилттай хийгдсэнийг Родригес мэдэгджээ.
Димео донортоо болон гэр бүлд нь талархлаа илэрхийлээд, тэдний хандивгүйгээр хоёр дахиа амьдрах боломжгүй байсан гэжээ. Түүний хувьд гар нь бүрэн нөхөн төлжөөгүй, эмчилгээ хийлгэсэн хэвээр байна.