БСШУ-ын сайд Л.Энх-Амгалан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазартай Нийслэлийн боловсролын салбарын хөрөнгө оруулалт, 2020-2021 оны төсөв, цар тахлын нөхцөл байдалд зохицсон боловсролын үйлчилгээ, нийслэлийн багш нарын орон сууц зэрэг асуудлаар уулзалт зохион байгуулж байна.
Сайд ялангуяа цар тахалтай энэ үед боловсрол, шинжлэх ухааны салбарт гар татаж болохгүй, боловсролын хоцрогдол аюул дагуулах асуудал болсон гэдгийг хамгийн түрүүнд сануулсан байна.
Тэрбээр цааш нь “Нийслэлийн гурван ээлжтэй байсан бүх сургууль өнөөдөр бүгд хоёр ээлжтэй болсон. Гэхдээ ачааллыг дахиж багасгах шаардлагатай 12 сургууль бий. 2021 онд нийслэлд 38 цэцэрлэг, 32 сургууль, 10 сургууль, цэцэрлэгийн цогцолборын хөрөнгө оруулалт тусгаж өгсөн. Одоо нийслэлд 30.000 гаруй хүүхдийн цэцэрлэгийн асуудлыг шийдвэл сургуулийн өмнөх боловсролыг бүрэн хангахаар байна.
Сургууль, цэцэрлэг барих гэхээр газрын асуудал хүндэрдэг. Гарах гарц нь гэр хорооллын айлуудтай тохирч газрыг чөлөөлөх ганцхан арга байна. Төсөв мөнгө шаардагддаг. Нийслэлд 10.000 гаран хүүхэд компьютер, зурагтгүй, бүр тог цахилгаангүй газар амьдарч байгааг хороо, дүүргийн ажилтнуудаар дамжуулж туслах боломж юу байна.
Нийслэлд 20443 багш, ажилтнуудын хэдэн хувь нь орон сууцанд орох хүсэлтэй, хэд нь 8 хувийн ипотекийн зээлтэй вэ гэх мэт боловсролын хөрөнгө оруулалт, салбарын нийгэм, эдийн засгийн тоон үзүүлэлт цаашдаа нийслэл яам хоёрынх зөрмөөргүй байна” гэв.
Н.Батаа