ОХУ-ын Засгийн газраас жил бүр Монгол Улсын иргэдэд зориулан тус улсын их, дээд сургуульд 4-7 жил үнэгүй суралцах 500 тэтгэлэгт хуваарийг олгодог.
Энэ жилийн хувьд цар тахлаас үүдсэн нөхцөл байдлыг харгалзан ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Оросын шинжлэх ухаан, соёлын төв, Россотрудничество агентлаг Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран сонгон шалгаруулалтыг зөвхөн цахимаар явуулж байгаа бөгөөд education-in-russia.com бүртгэлийн нэгдсэн систем энэ сарын 20-нд автоматаар хаагдах аж.
Тус сонгон шалгаруулалтад монгол элсэгч нар амжиж бүртгүүлснээр ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр хойд хөршийн тэргүүлэх их, дээд сургуулиудад хүссэн мэргэжлээрээ бакалавр, магистр, докторантур болон ординатурт суралцах боломжтой юм.
Үүнээс гадна дээрх тэтгэлэгт хэрхэн хамрагдах болон энэ жилийн сонгон шалгаруулалтын онцлог, хойд хөршийн их, дээд сургуулиудын сургалтын орчны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх хэвлэлийн хурал маргааш буюу энэ сарын 5-нд Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв (РЦНК)-д 11:00 цагт болно.
Оросын шинжлэх ухаан, соёлын төв