Улаанбаатар хотод анх удаа Гэмт хэргийн хяналтын нэгдсэн систем бий болгох зорилгоор Нийслэлийн цагдаагийн газарт Удирдлагын төвийг байгууллаа. 2017 оны 06 дугаар сарын 20-ны билэгт сайн өдөр Нийслэлийн цагдаагийн газарт тус удирдлагын төвийн нээлтийг зохион байгуулж, нээлтэд Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, Цагдаагийн ерөнхий газрын дарга Ө.Энхтөр, Улаанбаатар хотын захирагч Сү.Батболд, Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд болон бусад албаны хүмүүс оролцов.
Улаанбаатар хотод төдийгүй Монгол Улсад анх удаа байгуулагдаж буй Гэмт хэргийн хяналтын нэгдсэн систем бүхий Удирдлагын төв нь гэмт хэргийн гаралтыг бууруулах, хянахад ашигладаг менежментийн хэлбэр бөгөөд тухайн хотын цагдаагийн аль ч түвшингийн нэгжид гарч байгаа асуудал бэрхшээлүүдийг хурдан тодорхойлж, зөв оновчтой шийдвэрлэх боломж олгодог давуу талтай аж.
COMPSTAT нь Сomputer statistics буюу харьцуулах статистик нь цагдаагийн байгууллагын удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааны цогц үйл ажиллагаа юм. 1994 онд Нью-Йорк хотын захирагч Руди Жулиани болон цагдаагийн газрын дарга Уйльям Браттон нар анх санаачлан хэрэгжүүлсэн түүхтэй. Энэхүү загварыг хэрэгжүүлсэнээр тус хотын гэмт хэргийн гаралтыг 60 хүртэл хувиар буурч, хүн амины хэрэг 1995 онд 1181 гарч байсан бол 2003 онд 596 болж 1964 оноос хойших хамгийн бага хэмжээнд очиж байжээ.
Тус төвийг санаачлан байгуулсан Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд, “CompStat нь цагдаагийн ажилтнуудын гэмт хэрэгтэй тэмцэх, үйл ажиллагаагаа бодит нөхцөл байдалд үндэслэн явуулах замын зураг, хөтөч болж өгдөг чухал ач холбогдолтой. Тухайн цагдаагийн нэгжийн удирдлагын хариуцсан нутаг дэвсгэртээ хүн болон хүчээ хэрхэн зөв, оновчтой хувиарлан ажиллуулах, ингэснээр гэмт хэргийн гаралтыг бууруулах, бодит эерэг үр дүн гарах боломжийг олгодог давуу талтай. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гарч байгаа гэмт хэргийг бууруулахад статистик чухал. Тухайн хот, нутаг дэвсгэрт гарч байгаа гэмт хэрэг, зөрчлийн мэдээг долоо хоног, сар, жилээр гаргаж өмнөх долоо хоног, сар, жилүүдтэй харьцуулалт хийдэг. Ингэснээр тухайн хот, нутаг дэвсгэрт ямар газар, ямар төрлийн гэмт хэргийн гаралт ихэсч, буурч байгааг богино хугацаанд бодитойгоор тодорхойлох боломжийг удирдлагад олгодог. Үүнийг тодорхойлж чадсанаар шийдвэр гаргагчид ямар хүн хүчээр, ямар тактикаар гэмт хэрэгтэй тэмцэх оновчтой стратеги, бодлогыг төлөвлөж хэрэгжүүлснээр эерэг үр дүн гардаг. Энэ ажил энэхүү Удирдлагын нэгдсэн төвд хийгдэх боломжтой болж байгаагаараа онцлог юм.
ComрStat-ийн технологи нь тухайн хот, нутаг дэвсгэрт хаана, ямар гэмт хэрэг гарч байгааг болон гэмт хэргийн өсөлт, бууралт, хэргийн өнгө, гаралтын байршлыг тухай бүр тодорхойлох боломж олгодог. Ингэснээр хугацаа алдалгүй нөхцөл байдлыг удирдлагын түвшинд тодорхойлох, анхаарал татсан шаардлагатай асуудал бэрхшээлүүдийг шийдвэрлэх, хамгийн чухал нь удирдлагууд нь нөхцөл байдлаа байнга бодитойгоор харж үнэлэх боломж бий болгох юм. Удирдлагууд нөхцөл байдлаа бодитойгоор харж, үнэлсэнээр тухайн нэгжийн менежер нь бодит статистик, баримтанд тулгуурлан шинжлэх ухааны үндэслэлтэйгээр нөхцөл байдлыг цаг алдалгүй тодорхойлох боломж бий болно.
Ингэснээр шаардлагатай тохирсон арга хэмжээг зохиох, хүн, хүчийг оновчтой хувиарилах, нутаг дэвсгэрийнхээ гэмт хэргийн нөхцөл байдлыг хянах, урьдчилан сэргийлэх ажилд мэдэгдэхүйц ахиц гарах, нэгжийн удирдлагын ажлын үр дүнг бодитойгоор дүгнэж, үнэлэх, тухайн нэгжийн менежер нь бодит статистик, баримтад тулгуурлан шинжлэх ухааны үндэслэлтэйгээр нөхцөл байдлыг цаг алдалгүй тодорхойлох, шаардлагатай тохирсон арга хэмжээг зохиох, хүн, хүчийг оновчтой хувиарилах, нутаг дэвсгэрийнхээ гэмт хэргийн нөхцөл байдлыг хянах, урьдчилан сэргийлэх ажилд мэдэгдэхүйц ахиц гарах зэрэг давуу талтай” хэмээн ярилцлагадаа онцолж байлаа.
Нийслэлийн хотын дарга Сү.Батболд, “Улаанбаатар хотын гэмт хэргийн хяналтын системийг сайжруулсанаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дахь урьдчилан сэргийлэх ажилд ахиц гарна. Цагдаагийн нэгжүүдийн удирдлагын манлайллыг сайжруулж, ажлын үр дүнг бодитойгоор тооцож, цагдаагийн байгууллагын нэгжийн уялдаа холбоог сайжруулж, эргүүлийн чиглэл, маршрутыг нөхцөл байдалд тохируулан оновчтой зохион байгуулах боломжтой болж байгаа хэмээн ойлгож байгаа. Нийслэлийн цагдаагийн газрын гэмт хэрэгтэй тэмцэх болон нийтийн хэв журмын албаны чиглэлээр 14 хоног тутам нийт хэлтсүүдийн хэмжээнд радио холбоогоор нөхцөл байдлаа хэлэлцдэг болсон. Харин энэ төвийг байгуулсанаар өнөөгийн Улаанбаатар хотын гэмт хэргийн нөхцөл байдалд тохирсон, гэмт хэрэгтэй тэмцэх, хянах цогц системтэй болж байгаа хэмээн ойлгож байна” хэмээсэн юм.
Дашрамд дурдахад, нээлтэд оролцсон албаны хүмүүс CompStat нь цагдаагийн байгууллагад гэмт хэргийн гаралтыг бууруулж, гэмт хэрэгтэй тэмцэх явдалд илүү үр дүнтэй бодлого, стратегийг хэрэгжүүлэх боломж олгоно” гэдэгт санал нэгдэж байгаагаа өгүүлж байлаа.
Х.Ган-ялалт