“Монголын Бүтээмжийн Төв” ТББ БНСУ-ын Бүтээмжийн Төвтэй 2016 онд Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан. Энэхүү санамж бичгийн хүрээнд Солонгосын бүтээмжийн төвтэй хамтран Олон улсын зайны сургалтын төвийг байгуулж, өчигдөр нээлтээ хийлээ. Тус сургалтын төв нь 50 хүртэл  хүний суудалтай бөгөөд олон улсын сургалт хөгжлийн сүлжээ болох GDLN системд холбогдож, өндөр хүчин чадал бүхий орчин үеийн техник, технологиор тоноглогджээ.

Монголын Бүтээмжийн Төв нь тус сургалтын төвөөрөө дамжуулан Азийн бүтээмжийн байгууллага, бусад гишүүн орнууд, орон нутагтай зайнаас холбогдож, сургалт, зөвлөгөөг хурдан шуурхай хүргэх юм байна.

Зайны сургалтын төвийн нээлтийн үеэр “Монгол Бүтээмжийн Төв” ТББ-ын ТУЗ-ийн дарга Я.Эрхэмбаяр “Энэ төвийг нээснээр бид аливаа мэдээлэлд ойр болно. Бид өмнө нь нэлээд их зардал гаргаж, гадаадад сургалтад суух, эсвэл гадаадын экспертизүүдийг авч ирж, сургалт явуулдаг байсан. Сургалтад хамрагдах хүмүүс ч цөөн байсан. Харин энэ төв нээгдсэнээр сургалтыг тасралтгүй явуулах, Монголынхоо өнцөг булан бүрт  хүрэхэд дөхөм болж байна. Бид Солонгосын талтай хамтарч олон сэдвээр сургалт явуулахаар төлөвлөж, заримыг нь монгол хэлнээ орчуулж байгаа” хэмээсэн юм.

Мөн тус төвийг байгуулахад хөрөнгө оруулж, дэмжлэг үзүүлсэн БНСУ-ын Бүтээмжийн төвийн захирал, доктор Сүн Жик Хонг “Эдийн засгийн хөгжлийг хүн бүтээдэг. Тиймээс хөгжлийг бүтээх хүнээ сургах хэрэгтэй. Сүүлийн үед онлайн сургалтын чиг хандлага давамгайлах болсон. Солонгост ч мөн жижиг, дунд үйлдвэрлэлийн олон сургалтыг онлайнаар явуулдаг. Монголын Бүтээмжийн төв болон БНСУ-ын Бүтээмжийн төв хамтран зайны сургалт явуулснаар Монголын жижиг, дунд үйлдвэрлэгчид болон суралцагчид, оюутнууд сурч боловсрох боломж бүрдэж буй юм.

Эдгээр сургалтыг Монголд хийснээр Монголын эдийн засгийн хөгжил сайжирна гэж үзэж байна. Хоёр улс цаашид олон тал дээр хамтран ажиллах болно. Манай сургалтад бусад улс орноос Солонгос улсад ирээд хамрагдах тохиолдол олон бий. Харин бид анх удаа Солонгосоос Монголд зайны сургалт явуулах гэж байна. Энэ бол хоёр улсын төрийн тэргүүнүүдийн уулзалтын үндсэн дээр хэрэгжиж байгаа ажлуудын нэг юм”гэлээ.

“Монголын Бүтээмжийн Төв” ТББ  нь аж ахуйн нэгж, байгууллагуудын бүтээмж, чанарыг дээшлүүлэх зорилгоор үйл ажиллагаа явуулдаг. Тус ТББ Азийн Бүтээмжийн Байгууллагатай 1992 оноос эхлэн хамтран ажиллаж байгаа бөгөөд 25 жилийн хугацаанд монголын маш олон мэргэжилтнийг  гадаад, дотоодын сургалтад хамруулж, бүтээмжийн талаар үйл ажиллагаа явуулах, үйлдвэрлэлийг удирдахад нь тус дэм үзүүлжээ. Одоогийн байдлаар Азийн 19 оронтой харилцан суралцах, туршлага солилцох замаар нягт хамтран ажиллаж байна.

Тус ТББ Азийн Бүтээмжийн Байгууллагатай хамтран олон улсын зайны сургалтыг жилдээ 4-5 удаа зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд “Үйлчилгээний салбар дахь хэрэглэгчийн сэтгэл ханамжийн менежмент”, “Жижиг дунд үйлдвэрүүдэд зориулсан Удирдлагын инноваци”, “Ногоон бүтээмж”, “Хүнсний ханган нийлүүлэх сүлжээн дэх хүнсний аюулгүй байдал, эрсдэлийн менежмент” зэрэг сургалтуудыг зохион байгуулагдахаар төлөвлөөд байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн