Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газраас энэ сард “Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга зам” сэдэвт зөвлөгөөн, ажлыг зохион байгуулахаар төлөвлжээ. Энэ ажлын хүрээнд Улсын тусгай хамгаалалттай “Даян” нуураас иргэн С гэгч их хэмжээгээр зөвшөөрөлгүй ан хийсэн болохыг цагдаагийн алба хаагчид илрүүлжээ.
Шалгалтын явцад тус аймгийн Өлгий сумын 10 дугаар багийн иргэн С нь зөвшөөрөлгүй агнасан 565 ширхэг хадран, 54 ширхэг сугас загас, мөн Заарт харх /ондатар/-ны эд эрхтэнг хууль бусаар хадгалж байсан аж. Урьдчилсан байдлаар сэжигтэн С нь улсад 10 гаруй сая төгрөгийн төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон байна. Монгол хадран загас нь худалдаалах зорилгоор хууль бусаар агнах, гол хатаж ширгэсний улмаас жил тутам ховордож буй юм. Мөн Заарт харх /ондатар/ Монгол орны Улаан номд бүртгэгдсэн, замбараагүй агналт, амьдрах орчныг нь алдагдуулснаас тоо толгой цөөрч, ховордож байгаа хөхтөн амьтан аж. Заарт хархны тархацтай нутгийн 7 орчим хувийг улсын тусгай хамгаалалтад авсан байдаг юм байна.