Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн нар сайжруулсан шахмал түлшний хэрэглээг доголдуулахгүй байх асуудлаар зургаан дүүргийн агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч дарга нарыг хэсэгчилсэн байдлаар өчигдөр хүлээн авч уулзлаа.
Нийслэлийн хэмжээнд сайжруулсан шахмал түлшний борлуулалт, түгээлтийн асуудлыг онцгойлон анхаарч, түлш борлуулах цэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Түлш борлуулах цэгүүдийг зөв зохион байгуулалттайгаар төвөөс алслагдсан газар амьдардаг иргэдэд ойр байлгах, борлуулах цэгийн хоорондын зай, олноор төвлөрсөн байршлыг судалж, цэгцлэх ажлуудыг эхлүүлэхээр төлөвлөсөн байна.
Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Уулзалтын үеэр Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө “Түлш борлуулах цэгүүдийн судалгааг дүүрэг бүр гаргадаг байх хэрэгтэй. Өмнө нь Тавантолгой түлш компани борлуулах цэгүүдийг сонгож, хуваарилалт хийдэг байсан.
Харин одооноос энэ ажлыг нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар өөрсдөө хариуцахаар болж байна. Нийслэлийн зүгээс дүүргүүдийн судалгаа, дүгнэлтэд үндэслэн сайжруулсан шахмал түлш борлуулах цэгүүдийг нэмэх, тохиромжтой хүртээмжтэй байдлыг судалж байршуулснаар хэт ойрхон олон цэг байх зэрэг төлөвлөлт дутмаг асуудлууд үүсэхгүй мөн иргэдийн өргөдөл, гомдол багасах юм.
Нийслэлийн хэмжээнд 37 компани түлшний тээвэрлэлт хийж байна. Тиймээс сайжруулсан шахмал түлшний тээвэрлэлт, түгээлт хангалттай явагдах боломжтой болсон. Удахгүй болох сар шинийн баярыг хэдийгээр тэмдэглэхгүй шийдвэр гарсан ч баяр амралтын өдрүүдэд иргэд сайжруулсан шахмал түлш нөөцлөх хандлага ихсэх учраас түлшний хомстол үүсгэхгүй байх асуудалд анхаарч ажиллах хэрэгтэй” хэмээн үүрэг болголоо.
Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс