УИХ хаврын чуулган түр завсарлаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болох учир хууль тогтоох байгууллага ийнхүү завсарлаж буй юм. 2016 оны сонгуулийн үр дүнд бий болсон энэ удаагийн парламент хоёр дахь чуулганаа хаах юм. Энэ удаагийн хаврын чуулган өвөрмөц онцлогтой. Нийгэм, эдийн засгийн хямрал нүүрлэсэн байсан учир парламентаас гарах хууль бүр амин чухал байлаа. ОУВС-гийн хөтөлбөрт багтахын тулд түүнд зохицуулан зарим хуульд тодорхой өөрчлөлт оруулсан. Тэр ч бүү хэл гишүүд өөрсдийн баталсан тогтоолын төслийг өөрсдөө цуцлах тохиолдол ч гарсан билээ. Ингээд уншигчиддаа хэвлэл, олон нийтийн анхаарал дунд төрөн гарсан хууль, тогтоол шийдвэрийг эргэн сануулая.
Торгох уу, яллах уу
Өмнөх парламент Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх, Зөрчлийг шалган шийдвэрлэх хоёр хуулийн эцсийн найруулгыг хийгээгүй, ёсчлоогүй орхисон билээ. Эдгээр хууль 2016 оны есдүгээр сарын 1-нээс үйлчлэх байв. Ээлжит бус чуулганаар дээрх хоёр хуулийн хэрэгжилтийг 2017 оны долоодугаар сарын 1-нээс болгож хойшлуулаад, бусад хоёр процессын хуулийг санаачлагчид нь буцаасан юм. Хууль тогтоогчид уг багц хуулийг эцсийн байдлаар баталж чадсан нь томоохон ололт байлаа. Иргэдэд хамгийн ойр тусдаг Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга олон нийтийн анхаарлын төвд байсан.
Ганц жишээ дурдахад Хуурамчаар дээд сургуулийн диплом үйлдвэл нэг хуульд буруутай этгээдэд ял өгөх, өөр нэг хуульд торгох зохицуулалт байжээ. Шүүгч өөрийн үзэмж, тухайн үеийн нөхцөл байдалд дүгнэлт хийн шийтгэл оногдуулах учир хуульд эрхзүйн мэдлэг сайтай, чадварлаг өмгөөлөгчтэй бол торгуулиад өнгөрөх, үгүй бол ял авах тохиолдол амьдрал дээр гардаг байсан аж. Энэ мэт хуулийн хийдлээс үүдэн шүүх байгууллага тэнд ажиллагсадын нэр хүнд унах , “иргэдэд ялгавартай ханддаг” гэх ойлголтыг бий болгох гажуудал гарч байжээ. Уг хуулийг санаачилсан Х.Нямбаатар гишүүн хэд хэдэн удаа бусад гишүүдэд, тэр тусмаа архаг хуульчдад “боорлуулж” байсан.
Тухайлбал, Ж.Ганбаатар гишүүн “Х.Нямбаатар аа, чи битгий биеэ тоогоод бай. Чиний өмгөөлөгч, багш тань надад хамаагүй. Юм л бол хүнд заах гээд байх юм. Чи надаас дүү хүүхэд. Тийм байтал “Чи, чи” гээд л дайрах юм” хэмээж байсан.Өөр нэг гишүүн түүнийг “мангар бацаан” хэмээн ил цагаан дуудаж байлаа. Харин Х.Нямбаатар гишүүдийн энэ хандлагыг мэдээлэлгүй, буруутгах гэсэн шүүмжлэл гэж үзэж байв.
Тэрбээр 240 хуульд байсан хариуцлагатай холбоотой заалтыг базаж Зөрчлийн тухай нэг хууль болгосон гээд “Нэгхэн жишээ хэлье. Төрийн хянан шалгалт гэдэг том ойлголтын нэгээхэн хэсэг нь татварын хяналт шалгалт. Гэтэл Төрийн хянан шалгалтын тухай хуулиас давсан хяналт шалгалтыг Татварын хууль өөрийн багц хуулиараа хэрэгжүүлээд байсан. Энэ мэтээр 240 хуулиар, 240 өөр байдлаар хүний эрхэнд халдах процесс явж байсан гэсэн үг. Тэгэхээр энийг больё. Зөрчил гэдгийг нэг хууль, нэг ойлголт болгоё л гэсэн” хэмээн тайлбарлаж байлаа.
Гэрийн хориотой Эрүүгийн хууль
Гэмт хэрэгт холбогдсон этгээдийг торгох, нийтэд тустай ажил хийлгэх, гэрийн хорионд байлгах, хорих, эрх хасах зэргээр ял оногдуулах болсон. Гэрийн хорионд байлгах заалт нь манайд цоо шинэ зүйл байв. Хуучин нийгмийн үед Улс төрийн товчооны тогтоолоор зарим хүнд ийм шийтгэл ногдуулж байсан ч Эрүүгийн хуульд тусгайлсан заалт байгаагүй билээ.
“Гэмт хэрэг үйлдсэн хүнийг хууль сахиулах байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон замаар зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар оногдуулахыг гэрийн хорионд байлгах ял гэнэ” хэмээсэн заалт бий. Хүүхэд том хүний адил нэг хуулиар яллуулдаг байсныг болиулсан.
Шинэчилсэн найруулгаар хүүхдийн хорих ангийн хэлбэр өөрчлөгдөж сургалт-хүмүүжлийн тусгай байгууллага болгохоор хуульчилсан юм. Мөн хуулийн этгээдэд ял оногдуулах, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хор уршгийг арилгасан бол тухайн гэмт хэрэгт заасан ялыг оногдуулахгүйгээр тэнсэх гэдэг ялыг Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад оруулж ирснээрээ онцлогтой болсон.
“Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-тэй төсөв
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн үзэл баримтлал болон хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолын төслийн хэлэлцэх явц нь мөн л сонирхолтой байдлаар өрнөсөн. Сангийн яамны боловсруулсан уг төсөл батлагдах эсэхээс Монгол Улс ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт багтах эсэх нь шийдэгдэх байв.
Сангийн сайд Л.Чойжилсүрэн “ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх хөтөлбөрийн үр дүнд гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, цаашид гадаад хөрөнгө оруулалтыг бодитой нэмэгдүүлэх, зээлжих зэрэглэлийг ахиулах, хүүгийн зардал буурах суурь нөхцөл бүрдэнэ гэсэн хүлээлттэй байна. Үүний хажуугаар дэлхийн зах зээл дээрх уул уурхайн түүхий эдийн үнэ өсөх хандлагатай байгаа нь уул уурхайн томоохон төслүүдийг эхлэхэд түлхэц болсноор эдийн засгийн өсөлтийг дэмжих, төлбөрийн тэнцлийн алдагдлыг бууруулах бодит боломж бүрдэнэ гэж үзэж байна” хэмээсэн.
УИХ дахь цөөнхийн бүлгийн гишүүдийн зүгээс эсэргүүцэл үзүүлсэн ч 65 гишүүнтэй МАН-ын бүлэг давуу байдлаар шийдснээр энэхүү тогтоолын төсөл батлагдсан юм. Үр дүнд нь Сангийн сайд Л.Чойжилсүрэнгийн ОУВС-тай хийсэн хэлэлцээр амжилттай дууссан билээ. Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлуудын жагсаалтыг УИХ-ын дарга М.Энхболд захирамжилсан. Чуулганаар 34 хуулийн төслийг хэлэлцэх байсан ч хэд хэдэн хуулийг баталж амжаагүй юм. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг санаачлан, батлуулснаар Монголын залуучууд бие даасан хуультай болсон юм.
Нялх,балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн төсөл, Баяжуулсан хүнсний тухай, Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл зэрэг чухал шаардлагатай хуулиудыг баталж амжсан юм. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хариуцлага алдсан БСШУС-ын сайд Ж.Батсуурийг огцруулах санал гаргаж, УИХ-ын гишүүдийн олонхийн саналаар түүнийг чөлөөлсөн бөгөөд Г.Чулуунбаатарыг Засгийн газрын гишүүнээр томилсон билээ. Парламент дахь цорын ганц бие даагч С.Жавхлан ажил хаясан, түүнийгээ “залруулж” төрийн оронд хоносон. Гишүүн О.Баасанхүү ажлын өрөөгөө хөлийн өрөө(коридор)өөр сольсон зэрэг адал явдал өрнөсөн билээ.
Эх сурвалж: С.ГАНБОЛД