-Халдлага үйлдэгчийг баривчлан авч явах үеэр этгээд агаарт үнсэлт илгээж байсан гэнэ-
Их Британийн нийслэл Лондон хотын хойд хэсэгт орших Финсбери-парк дүүрэгт фургон машин сүмд үдшийн мөргөл үйлдээд гарч явсан хүмүүсийг дайрсан байна. Цагдаагийн газрын мэдээлснээр нэг хүнд газар дээрээ амиа алдаж, найман хүн гэмтэж бэртэн эмнэлэгт хүргэгджээ. Фургон машины жолоочийг баривчилсан байна.
Тус улсын Ерөнхий сайд Тереза Мэй цагдаагийнхан энэхүү үйл явдлыг алан хядах ажиллагаа мөн гэж харж байгаа тухай мэдэгджээ. Мэй үүнтэй холбогдуулан Засгийн газрын КОБРА онц хороог яаралтай хуралдуулсан байна.
Их Британийн Лалын зөвлөлийн тэргүүн Харун Рашин Хан “Твиттер” хуудсандаа бичсэнээр лалынхны Рамадан сар болж буй энэ үед үдшийн мөргөлийн дараа гарч явсан хүмүүс рүү зориуд дайрч халдсан гэнэ. Түүнчлэн тэрбээр яг сүмийн дэргэд бус, лалын нийгмийн тусламжийн төвийн дэргэд, сүмээс хэдэн метрийн зайд дайралт хийсэн гэжээ.
Агаарт үнсэлт илгээж байжээ
Дайрсан машины 48 настай жолоочийг баривчилсан байна. Хэрэг гарсан дүүргийг бүслэн хаасан аж. Финсбери-паркад зэвсэглэсэн цагдаа нар бүслэлт хийж, нисдэг тэрэг агаарын хамгаалалт хийжээ. Хүмүүсийг дайрсан фургоны жолоочийг цагдаа нар машиндаа суулгаад хөдлөхөд сэжигтэн этгээд агаарт үнсэлт илгээж байсан гэнэ. Гэрчүүдийн ярьж буйгаар цагдаа нар хамгийн түрүүнд хүрч ирээд түргэн тусламжийн машин ирэхээс өмнө гэмтэж бэртсэн хүмүүст анхны тусламж үзүүлжээ.
Өчигдөр Рамадан сарын 19 дэх өдөр тохиосон юм. Лалын шашинтнуудын хувьд ариун сар гэгдэх энэ нэг сарын хугацаанд мусульманчууд өдрийн цагаар хоол хүнс, уух зүйл, тамхи, зугаа цэнгэлээс татгалздаг аж. Харин шөнө болмогц ууж, идэж болдог аж. Рамадан сар тавдугаар сарын 26-нд эхэлсэн бөгөөд энэ сарын 24-нд дуусна.
Алдарт сүм
Финсбери-паркийн лалын сүм нь олон хэт даврагчтай холбоотой гэдгээрээ алдартай газар байсан юм. Тухайлбал, онгоцонд гутлаараа бөмбөг тавих гэж байсан Ричард Рид, есдүгээр сарын 11-ний алан хядах ажиллагааг гүйцэтгэгчдэд тусалсан хэргээр буруутгагдаж байсан Закариас Муссауи нар тус сүмд ирж байсан аж. Энэ сүмтэй холбоотой хамгийн алдартай хүн гэвэл радикал үзлийг номлогч Абу Хамза аль-Масриг нэрлэнэ. Тэрбээр хүн амины хэрэгт өдөөн турхирса, шашны тэвчишгүй байдал гаргасан хэргээр Британийн хориход долоон жилийн турш ял эдэлсэн билээ. Түүнийг 2012 онд АНУ руу шилжүүлж, бүх насаар нь хорихоор болжээ.
Шүүхээс түүнийг алан хядах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн хэргээр буруутгасан байна. Тухайлбал, Абу Хамзаг “Аль-Кайда” болон хэт даврагч бусад байгууллагад тусламж үзүүлсэн хэргээр буруутгажээ. Финсбери-паркийн сүмийн 2003 онд хааасн ч 2005 онд Их Британийн Лалын зөвлөлөөс томилсон шинэ удирдлагатайгаар дахин нээсэн байна. Сүүлийн жилүүдэд тус сүмд аливаа шашныг хүлээн зөвшөөрөхийг номлодог бөгөөд хүссэн хүн бүрт үүд нь нээлттэй болжээ.