УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн огцрох хүсэлтийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд үг хэлж, асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Дунд шатны эмч хүн том алдаа гаргаснаас Ерөнхий сайд өөрөө огцрох өргөдлөө өгч байгаад харамсаж байна. Гэхдээ энэ ёс зүйг өөрөө эхлүүлж байгаад баяртай байна. Дунд болон доод шатны хүмүүст мөн хариуцлага тооцох ёстой.
Өчигдрийн жагсаалд залуучууд чин сэтгэлээсээ жагсаж байсныг улс төрийн зохион байгуулалттай зүйл болгосонд харамсаж байна. Иргэдийн чөлөөт ардчилсан нийгэм байгуулах хүсэлийг улс төрийн зорилгоор ашигласан нь үнэн бол хариуцлага тооцох ёстой. Жирэмсэн ээжүүд, залуучуудын жагсаал дээр хэлсэн үг чин сэтгэлийнх байсан. Тэд дунд, доод шатанд хариуцлага тооцож өгөөч гэсэн болохоос биш Ерөнхий сайдыг огцор гэж хэлээгүй.
Олон дарга нарт ийм жишиг тогтоосой гэж хүсэж байна. Таныг сонгосон иргэдийнхээ өмнө зоригтой шийдвэр гаргаж байгаасай гэж төрийн өндөрлөгүүдэд уриалмаар байна. Эхлүүлсэн ажлууд чухал байгаа. Ямар их итгэлийг бид нарт өгсөн билээ. Ерөнхий сайд таны бодлого үргэлжлэх ёстой. Сая та улс орноо аюулд учруулмааргүй байна гэж хэллээ. Үүнийг тодруулж хэлээч” гэв.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар “Өнөөдөр бид коронавирусийн эсрэг дайтаж байна. Хариуцлага итгэл гэдэг үгнүүд ихээр яригдаж байна. Нэг хэсэг нь Ерөнхий сайдыг хариуцлагаас зугатаж байна, нөгөө хэсэг нь итгэл хүлээж байна гэж ярьж байгаа.
Ерөнхий сайд огцорсон ч бодлогын тогтвортой байдал алдагдахгүй гэж үзэж байна. Намын даргын баримталсан бодлого буруу учраас алдаа гарсан гэж бодохгүй байна. Хэцүү үед хамт зүтгэж байсан хоёр сайд нь огцрох талаар хүсэлт ирсэн учир Ерөнхий сайд ёс зүйн үүднээс ийм шийдвэр гаргаж байгаа.
Герман, Англид ч гэсэн ардчилсан дэглэмээ эсэргүүцээд тэмцэл хийж байна. Үүн дээр харин дөрөөлж улс төрийн ашиг харж болохгүй. МАН хариуцлага хүлээхээс хулчийхгүй. Ярьж байгаа зүйлээрээ хүн ялдаг биш, бодлогоор ялдаг. Бидний хувьд хүн чанар хамгийн түрүүнд байх болно. Хариуцлага алдсан тухай бүрд ёс зүйн хариуцлага хүлээдэг байвал энэ нь зөв бодлого болно” гэв.
Н.Батаа