УИХ-ын чуулганы хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга орж ирж, үг хэллээ.
Тэрбээр “Надад нэг дутагдал байна. Гоё сайхан ярьж чадахгүй. Өнөөдөр Монголын түүхэнд нэгэн хар өдөр тохиож байна. Монголын ард түмний итгэл найдварыг хүлээж, манлайлан дагуулсан 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүх тааж тааварлахын аргагүй учир битүүлэг шалтгаанаар үүрэгт ажлаасаа нэн шуурхай огцрох боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд яагаад ийм үйлдэл хийх болов, Монгол Улсын Ерөнхийлөгчийг илэрхий гүтгэх үг үйлдэл яагаад хийх болов гэдэгт эргэлзэхийн дээдээр эргэлзэж, гайхахын дээдээр гайхав. Улс Монголынхоо төлөө хоёргүй сэтгэлээр хамтран зүтгэж байсан Ерөнхий сайдаас маань ийм үг, үйлдэл гарна чинээ санасангүй. Нэг зүйл тодорхой байна. Тусгаар Монгол Улсын эзэгнэн дарлах гэсэн бүлэглэл бүр тодорхой хэлэх юм бол УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Сүхбаатарын Батболдын удирдсан бүлэглэл төрийн эргэлт хийж байна. Жагсаал цуглааныг мөнгөөр ивээн тэтгэж, санхүүжүүлсэн асуудлыг өөрийн удирддаг ТЕГ-аас тодруулах нь зүйтэй” гэлээ.
Тэрбээр үгийнхээ төгсгөлд Ерөнхий сайдыг энэ цаг үед чөлөөлөгдөхийг дэмжихгүй байгаагаа хэлсэн юм.
Н.Батаа