Монголд эрэгтэйчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс 9.6 жилээр богино байгаа нь дэлхийн хэмжээнд 12-т, Зүүн Ази, Номхон далайн бүсийн хэмжээнд 2 дугаарт орж буй томоохон зөрүүтэй үзүүлэлт болоод байна (ДЭМБ 2020).
Монгол эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү их байхад юу нөлөөлж байна вэ? Үүнд зан үйл холбоотой эсэх, улмаар эрсдэлтэй үйлдэлд хүргэж буй хүчин зүйл юу байна вэ? гэсэн түлхүүр асуултуудад хариулт авсан судалгааг зөвлөмжийн хамт Дэлхийн Банкнаас боловсруулан олон нийтэд танилцуулж байна.
Эрүүл мэндэд хортой зан үйл болох тамхи, согтууруулах ундаа хэрэглэдэг, зохисгүй хооллодог, хөдөлгөөний хомсдолтой, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ эрэлхийлдэгүй зэрэг эрсдэлтэй зуршил нь эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийн дундаж наслалтын зөрүүтэй байдлын суурь буюу анхдагч шалтгаан болохыг уг судалгааны үр дүн бататган харуулж байна.
Түүнчлэн, эр хүн шиг байх ёстой гэсэн нийгмийн буруу, хортой, хэвшмэл ойлголтыг хүлээн зөвшөөрч, түүнийг даган дуурайх дадал болон эрүүл мэндэд эрсдэлтэй үйлдэл хийх хоёрын хоорондын эерэг хамаарал их байна.
Гарц шийдэл болгож соёл, боловсрол, эрүүл мэндийн чиглэлийн бодлого боловсруулж, үйлчилгээ үзүүлдэг төрийн байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх, эрэгтэй хүн бол гэр бүл, нийгмийн хамгийн хүнд ачааг үүрэх ёстой гэсэн хэвшмэл ойлголтыг өөрчилөхөд чиглэсэн жендэрийн тэгш байдлыг хангах бодлого хэрэгжүүлэх, хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлж, эрэгтэйчүүд голлон ажилдаг ажлын байрны нөхцлийг сайжруулахад анхаарах нь чухлыг зөвлөж байна.
Түүнчлэн, дундаж наслалтын зөрүүг багасгахад бие даасан арга хэмжээг авч хэрэгжүүлэхээс илүүтэйгээр нийгмийн хөгжил, хүртээмжтэй өсөлт бий болгох чиглэлд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр (Орон нутгийн хөгжлийн сан/ТА-3 төсөл)-үүдэд эдгээр асуудлуудыг тусгаж, уялдуулж ажиллах нь илүү үр дүнтэйг онцолж байна.
Дараах холбоосоор нэвтэрч тайлантай дэлгэрэнгүй танилцана уу:
https://documents.worldbank.org/…/understanding-the…
Эх сурвалж: Дэлхийн банк