Alibaba-г үүсгэн байгуулагч Жек Ма “олджээ”. Тэрбээр 3 сарын турш сураггүй байсны эцэст олон нийтэд видеогоороо гарч ирсэн байна.
Жек Ма нэгдүгээр сарын 20-нд “Хөдөөгийн багш нарын санаачилга” нэртэй сайн үйлсийн онлайн уулзалтад видеогоор оролцсон байна. Тэрбээр COVID-19 дууссаны дараа дараагийн удаа заавал биеэрээ уулзалтад оролцоно гэдгээ амласан байна. Үүнээс гадна тэрбээр өөрийнхөө сайн үйлсийн сангаас засаж тохижуулсан орон нутгийн нэгэн дунд сургуульд очжээ. Ма-г олны өмнө гарч ирсний дараа Alibaba-гийн хувьцааны ханш 8,52%-иар өссөн гэнэ.
Барууны хэвлэлүүдэд Хятадын интернэт худалдааны Alibaba компанийг үүсгэн байгуулагч, дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг Жек Ма алга боллоо гэсэн түгшүүрийн харанга дэлдэж эхэлсэн юм. Тэрбээр 2020 оны аравдугаар сарын 24-нд Шанхай хотод улс орынхоо санхүүгийн бодлогыг шүүмжилж, инновацийг дэмждэггүй, банкуудыг ломбардуудтай адилхан гэж хатуухан шүүмжилснээсээ хойш гэнэт гарч ирэхээ больсон юм.
Энэ мэдээллээс хойш удалгүй Хятадын төрөөс бизнесмэний санхүүгийн технологийн Ant Group компанийн IPO гаргах төлөвлөгөөг зогсоосон байна. Уг нь тэрбээр Шанхай, Хонконгийн хоёр бирж дээр нэгэн зэрэг IPO татаж, 35 тэрбум ам.доллар татаад, ирээдүйд 315 тэрбум ам.доллар болгож өсгөх төлөвлөгөөтэй байжээ.
Эх сурвалж: itc.ua
Орчуулсан Э.Март