АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж ялалт байгуулсан Жо Байден өчигдөр Капитолийн ордны өмнө тангараг өргөснөөр тус улсын 46 дахь Ерөнхийлөгч боллоо.
Жо Байден 1893 оноос хойш гэр бүлд нь хадгалагдаж буй Библи дээр гараа тавин тангарагаа уншсан байна. Тэрбээр “Бага Жозеф Робинетт Байден би АНУ-ын Ерөнхийлөгчийн үүргийг үнэнч шударгаар гүйцэтгэж, Нэгдсэн улсын Үндсэн хуулийг дээдэлж сахин хамгаалахын төлөө бүхий л хүчин чадлаа дайчлахаа тангараглаж байна. Бурхан надад туслах болтугай” гэлээ.
Жо Байден мөн америкчуудад хандан хэлсэн үгэндээ “Өнөөдөр Америкийн өдөр. Өнөөдөр ардчиллын өдөр. Итгэл найдварын түүхэн өдөр” хэмээгээд “Америк хүнд хэцүү зуу зуун жилийг туулж ирсэн. Бид өнөөдөр нэр дэвшигчийн биш харин их үйлсийн ялалтыг тэмдэглэж байна. Ардчиллыг тэмдэглэж байна. Ардчилал яллаа” гэжээ.
Энэхүү арга хэмжээнд АНУ-ын 42 дахь Ерөнхийлөгч Билл Клинтон, 43 дахь Ерөнхийлөгч Жорж Буш, 44 дэх Ерөнхийлөгч Барак Обама болон Мишель Обама, Билл Клинтон эхнэр, 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшигч Хилари Клинтоны хамтаар хүрэлцэн ирсэн юм. Үүний дараа 43 дахь Ерөнхийлөгч асан Жорж Буш эхнэр Лаурагийн хамтаар тангараг өргөх ёслолд оролцохоор хүрэлцэн иржээ.
Л.Баяр