Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн төсөл, түүнийг дагалдан гарах хуулиудын төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн барихыг дэмжлээ.
Боловсрол, шинжлэх ухааны яам бүх шатны боловсролын сургалтын болон мэргэжлийн байгууллага, багш, ажилтан, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн Ажлын хэсэг байгуулан ажилласан бөгөөд хуулийн төсөлд цахимаар санал авах, салбарын хэмжээний хэлэлцүүлгийг улсын хэмжээнд зохион байгуулж ажиллалаа.
Боловсрол, шинжлэх ухааны яамны веб сайтад байршуулсан үзэл баримтлал болон хуулийн төсөлтэй 57654 иргэн хандалт хийн танилцаж, цахимаар 24381, цаасаар 5319, нийт 29700 хүн саналаа ирүүлсэн. Албан бичгээр төрийн 50 байгууллагын 4988 санал, иргэний нийгмийн 14 байгууллагын 331, нийт 5319 санал ирүүлсэн байна.
Хуулийн төслийн хэлэлцүүлгийг анх удаа цахимаар нийт боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтан, мэргэжлийн байгууллага, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагын саналыг авч тусгасан болно. Цахим хэлэлцүүлэгт 21 аймаг, 9 дүүргийн боловсролын байгууллагын хамт олны төлөөлөл болох 5632 багш, ажилтан, бусад их дээд сургууль, шинжлэх ухааны болон харьяа байгууллагын 505 төлөөлөл, нийт 6137 хүн оролцож саналаа илэрхийллээ.
Боловсролын ерөнхий хуулиар салбарын нийтлэг зохицуулалтуудыг зохицуулж, дагалдан гарах хуулиудаар бүх шатны харилцааг нарийвчлан зохицуулахаар боловсруулсан. Боловсролын зорилгыг “төрт ёс, түүх, соёл, уламжлал, үнэт зүйлсийг өвлөсөн, хүмүүнлэг ёсыг дээдлэн сахисан, дэлхийд өрсөлдөхүйц мэдлэг, чадвартай, нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулдаг, эрүүл, хариуцлагатай, төлөвшсөн иргэнийг бэлтгэхэд оршино” гэж томьёолсноор цаашид хурдацтай хувьсан өөрчлөгдөж байгаа нийгэмд амьдрах Монгол хүний хүмүүжил төлөвшил, хүмүүнлэг ёс суртахуун, мэдлэг, чадвар, хөгжлийг онцлон үзсэн.
Түүнчлэн боловсролын агуулгыг “суралцагчийн нас, хөгжлийн онцлог, авьяас, сонирхол, хувийн болон нийгмийн хэрэгцээ, үндэсний өв уламжлал, шинжлэх ухаан, технологийн хөгжлийн хандлагад нийцүүлэн боловсролын зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэнэ” гэж тус тус тодорхойлсон.
Дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага, боловсрол дахь цахим шилжилт, цахим, зайны сургалт, сургалтын байгууллагын ангилал, хэв шинжийг шинэчлэн тогтоож, боловсролын удирдлагын тогтолцоо, санхүүжилтыг боловсронгуй болгох шинэ зохицуулалтууд хуулийн төсөлд тусчээ.
Б.Ирээдүй