“Гэрэгэ киоск”-ийг ашиглан иргэд ШӨХТГ-т санал гомдлоо хүргүүлэх боломжтой болжээ. Энэ талаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ мэдээлэл өгөхдөө, “Бид хэрэглэгчийн гомдлыг “115 утас”, өөрийн пэйж хуудас, “Ибаримт” аппликейшнээр хүлээн авдаг байсан бол өнөөдрөөс эхлэн “Гэрэгэ киоск” ашиглан иргэний гомдол хүлээн авдаг боллоо.
Иргэдийн ашиглаад сурчихсан “Гэрэгэ киоск” нь 12 аймагт, 120 гаруй байршилд байдаг бөгөөд 1 сая гаруй иргэн байнгын үйлчилгээ авдаг байна. “Гэрэгэ систем” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд уг ажлыг гүйцэтгэсэн бөгөөд “Гэрэгэ киоск”-т ШӨХТГ гэсэн цэс нэмж, системд нэвтрүүллээ. Ингэснээр бид иргэдэд илүү хялбар, илүү ойр үйлчилгээг нэвтрүүлж байгаа юм” гэлээ.
Энэхүү үйлчилгээг авахдаа тус автомат систем дэх “Бусад” гэсэн цэснээс ШӨХТГ-ын логотой “Санал, гомдол” гаргах гэсэн цэсийг сонгож, регистрийн дугаараа бөглөх, эсхүл “QR” кодоо уншуулж, хэнээс хаанаас, ямар утгатай гомдол байх тухай цонхны нүднүүдийг бөглөн “Илгээх” товч дарснаар ШӨХТГ-ын Мониторингийн системд гомдол автоматаар очиж, шийдэгдэх боломжтой.
Улаанбаатар хот болон 12 аймагт хамгийн хөл хөдөлгөөн ихтэй 64 цэгт 122 Гэрэгэ киоск байрлаж байгаа нь хэрэглэгч бүрт ойр, хүртээмжтэй үйлчилгээг үзүүлж байгаа юм.
Ташрамд дурдахад, ШӨХТГ 2020 онд 10381 гомдол хүлээн авч 350 иргэний 103 сая 121 мянга 319 төгрөгийн мөнгөн хохирлыг барагдуулжээ.
Эх сурвалж : ШӨХТГ