Дэлхий нийтэд тархаад байгаа Ковид-19 цар тахлын улмаас олон салбарт ямар нэгэн хэмжээгээр эрх зөрчигдөх асуудлууд тулгарч буй. Глоб Интернэшнл Төвөөс Т.Аюушсайхан “Ковид-19 ба хэвлэлийн эрх чөлөө” илтгэлийг эмхэтгэн боловсруулсан байна.
Уг илтгэлдээ “Дэлхий даяар засгийн газрууд иргэдээ хамгаалах үүргийнхээ хүрээнд хөл хорио тогтоох, тусгаарлах зэрэг онцгой арга хэмжээ авч байгаа энэ цаг үед чөлөөт хэвлэл үлэмж үүрэгтэй”-г онцлон дурьдаад, тулгамдаж буй асуудлуудын талаар дэлгэрэнгүй дурьджээ.
Хараат бус, мэргэжлийн сэтгүүл зүй нь олон нийтийг бодит мэдээллээр хангах, эрүүл мэндийн зохистой арга хэмжээний талаар таниулан сурталчлах, хуурамч мэдээллийг сааруулах, асуудал дэвшүүлэх, төр засгаас хариуцлага нэхэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэдэг.
Гэвч зарим засгийн газрууд цар тахлыг далимдуулан хуулинд хэтийдсэн хязгаарлалт бүхий зүйл заалт тусгах зэргээр хэвлэлийн эрх чөлөөг тал бүрээр хязгаарлах оролдлого хийж, үүнийгээ олныг төөрөгдүүлсэн хуурамч мэдээлэлтэй тэмцэх арга хэмээн зөвтгөж байна. Зарим улс оронд гарсан тохиолдлоос харахад, эдгээр хуулийг хамгийн түрүүнд засгийн газрыг шүүмжлэгчдийг онилоход хэрэглэж байна. Ийнхүү хэвлэлийн эрх чөлөөнд халдах нь төр засгийн хариуцлагад итгэх олон нийтийн итгэлийг сулруулж, өвчний тархалтын талаар амин чухал мэдээлэл авахад саад тотгор болох хор нөлөөтэйг онцолсон байна.
Иймээс онц байдлын арга хэмжээ, зохицуулалтыг авч хэрэгжүүлэхдээ хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлахаас зайлсхийх, хямралтай холбоотой бүхий л төрлийн мэдээ, мэдээллийг сэтгүүлчдэд нээлттэй байлгах, засгийн газрын төлөөлөгчид болон эрүүл мэндийн мэргэжилтнүүд иргэдийг мэдээллээр хангахдаа сэтгүүлчдийн шүүмжлэх эрхийг зөрчихгүй байх шаардлагатай.
Хүн амыг хамгаалахад чиглэсэн аливаа арга хэмжээ гурван талт зарчим буюу хууль ёсны байх, зайлшгүй байх, хэм хэмжээндээ байх зарчмуудад нийцсэн байвал зохино.
НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлөөс 1984 онд баталсан Сиракузагийн зарчмуудын дагуу аливаа хязгаарлалт наад зах нь дараах шаардлагад нийцсэн байна.
Үүнд:
• Хуульд нийцэх;
• Хууль ёсны зорилго буюу олон нийтийн хэрэгцээ шаардлагад чиглэгдэх;
• Бодит зорилгоо биелүүлэхдээ ардчилсан нийгэмд зайлшгүй байх;
• Зорилгодоо хүрэхэд аль болох багаар залхаан цээрлүүлсэн, хязгаарласан байх;
• Шинжлэх ухаанд үндэслэх, дур зоргоор авирлах, ялгаварлан гадуурхахаас зайлсхийх;
• Тодорхой цаг хугацаатай байх, хүний нэр төрд халдахгүй байх, хяналтын дор явагдах.
Засгийн газрууд коронавирусын эсрэг онцгой арга хэмжээ авахдаа дээрх зарчмыг баримтлах нь нэг эрхийг хамгаалахдаа нөгөө эрхийг хөсөрдүүлэхгүй байхад тустай
Хямралыг хор хохирол багатай даван туулахад нээлттэй яриа хэлэлцүүлэг өрнүүлэх, мэдээ, мэдээлэл солилцох үүднээс мэдээллийн чөлөөт урсгалыг хангах нь урьд урьдынхаас илүү чухал байна.
Онц байдал нь олон нийтийн мэдээлэлтэй байх эрхийг хөсөрдүүлэх үндэслэл болохгүй.
НҮБ-ын Тусгай агентлагууд, Тусгай илтгэгчид, олон улсын болон бүсийн байгууллагуудын зүгээс засгийн газруудыг хэвлэлийн эрх чөлөөг дэмжих, хараат бус байдлыг хангах, сэтгүүлчдийн болон хэвлэл мэдээллийн бусад ажилтнуудын аюулгүй байдлыг хамгаалах, КОВИД-19 халдварын дэгдэлттэй тэмцэхдээ илүүц зохицуулалт хийхээс зайлсхийхийг тал бүрээр уриалж байна.
Мэдээлэлтэй байх эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, сэтгүүлчдийг аливаа төрлийн мэдээлэл авахад саад тотгор учруулахгүй байвал зохино. Цар тахлын талаарх хуурамч мэдээлэл нь нийгмийн эрүүл мэндэд хор уршиг учруулж, эмх замбараагүй байдалд хүргэж болзошгүй тул засгийн газрууд, интернэтийн компаниудын хамтаар хуурамч мэдээлэлтэй тэмцэж, үнэн бодит мэдээллээр хангах шаардлагатай.
Эмнести Интернэшнл ОУБ нь засгийн газрууд хуурамч мэдээлэл тарахаас урьдчилан сэргийлэх, иргэддээ нарийн нямбай удирдамж, зааврыг цаг тухайд нь өгч байх үүрэгтэй хэдий ч үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлахдаа олон улсын хэм хэмжээг мөрдөх шаардлагатай хэмээн мэдэгдлээ.
Европын Зөвлөлийн Шинжээчдийн хорооноос хэвлэл мэдээллийн орчин, шинэтгэлийн талаар гаргасан мэдэгдэлд, нийгмийн эрүүл мэндийн өмнө тулгарсан хямралт үед хараат бус хэвлэл мэдээллийн чухал үүргийг хүлээн зөвшөөрөх шаардлагатайг сануулав.
Ингээд олон нийтийг мэдээллээр хангах, онц байдлын арга хэмжээнд хараа хяналт тавих, эмх замбараагүй байдалд хүргэж болзошгүй хов яриа, хуурамч мэдээллийг няцаахуйц үнэн бодит, баримттай мэдээлэлд тулгуурласан мэргэжлийн, ёс зүйт сэтгүүл зүйн үйл ажиллагаа урьд урьдынхаас илүү амин чухал байгааг онцолсон юм.
Бэлтгэсэн Н.Цэндбат