Говь-Алтай аймгийн БОАЖГ-аас Шарга сумын Баянгол баг болон Халиун сумын Олонбулаг багийн нутагт биотехникийн арга хэмжээ авсан байна.
Монгол бөхөн, хар сүүлт, зээрийн гол тархац нутаг болох Шаргын говь, Халиуны хоолойн зэрлэг амьтдын өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцжээ. Тухайн бүс нутагт цасны зузаан 2-5 см байгаа хэдий ч өвсний гарц муу, шөнөдөө /Шарга станцын мэдээ/ -40 гардус, хөрсөн дээр -45 градустай хонож байгаа нь зээр, бөхөн осгох, бээрэх байдалтай байна.
Дээрх арга хэмжээний үеэр осгож үрэгдсэн зээр, бөхөн таарсангүй, Олон булагийн заг, Халиуны хоолойн загт амьтад төвлөрсөн байлаа. Нийт төвлөрөл бүхий 3 цэгт 40 боодол өвс тараалаа хэмээн тус аймгийн БОАЖГ-аас мэдээллээ.
Цаашид 7 хоног бүр нөхцөл байдлаас хамаарч биотехникийн үйл ажиллагааг Шаргын говь, Халиун, Бигэр, Цогт, Чандмань, Эрдэнэ сумын нутагт зохион байгуулж ажиллах бөгөөд Дэлхийн Байгаль Хамгаалах Сан, Бөхөн хамгаалах сүлжээ багтай урьдчилсан байдлаар тохирч Шарга сумаас урд хэсгийг БОАЖГ-аас хариуцаж, хойд сумд болох Дарви, Хүйсийн говь, Хөхморьт чиглэлд Дэлхийн Байгаль Хамгаалах Сан, Монгол Элсний БЦГ-ын хамгаалалтын захиргаа хариуцан биотехникийн арга хэмжээг зохион байгуулахаар тохиролцсон тухай мөн онцолсон юм.
Говь-Алтай аймгийн БОАЖГ