Норвегид коронавирусийн тарилга хийлгэсэн гурав дахь хүн нас барсан гэж Сулла коммуны ерөнхий эмч Пернилле Хегре Серенсен мэдэгджээ. Нас барсан хүн 82 настай эрэгтэй байсан гэнэ. Тэрээр нэгдүгээр сарын 5-нд тариулжээ.
“Эмнэлгийн байнгын хэвтэн эмчлүүлэгч өндөр настан тарилга хийлгэснээсээ хойш удалгүй нас барсан болохыг баталж байна” хэмээн тэрбээр мэдэгдсэн аж. Мэргэжилтнүүд нас баралтын шалтгаан нь вакцин байсан уу гэдгийг тогтоохоор ажиллаж байна.
Лхагва гарагт мөн Норвегийн ахмадын асрамжийн газрын хоёр оршин суугч коронавирусийн тарилга хийснийхээ дараа нас барсан гэх мэдээлэл гарсан юм. Тус улс Америкийн Pfizer, Германы BionNTech-ийн вакциныг дархлаажуулалтандаа хэрэглэж байна. Тус улсад 2020 оны арванхоёрдугаар сарын 27-ноос вакцинжуулалт эхэлсэн аж.
Үүнээс өмнөхөн Португалд эмнэлгийн ажилтан эмэгтэй Pfizer/BioNTech-ийн коронавирусийн бэлдмэлийг хийлгэснээсээ хойш хоёр хоногийн дараа нас барсан нь нэгдүгээр сарын 4-нд тодорхой болсон юм. Энэ эмэгтэй бие муудлаа, ямар нэгэн шинж тэмдэг илэрлээ гэж тарилгын үеэр болон дараа нь огт хэлээгүй аж.