Америкт нэгэн эмнэлгийн эмзүйч Moderna-гийн боловсруулсан COVID-19-ийн 500 тун вакцин устгасан хэрэгт оржээ. Тэрбээр энэ вакцин хүнийг мутант болгодог гэсэн итгэл үнэмшлээр вакциныг устгасан гэнэ. Миссури мужийн Графтон дахь Advocate Aurora Health эмнэлгийн ажилтан Стивен Бранденбург энэ тарилгыг хүний ДНХ-ийг мутацалж, гажиг амьтан болгон хувиргадаг гэж боджээ.
Прокурор Адам Хероль даваа гарагт болсон онлайн шүүх хурлын үеэр Бранденбург тарилга аюултай гэдэг итгэл үнэмшлээсээ няцахгүй байгаа гэсэн байна. Тэрбээр арванхоёрдугаар сарын эхээр эхнэрээсээ салж байхдаа “дэлхий ертөнц сүйрэх” тухай анхааруулж байсан гэнэ. Засгийн газар кибер халдлага төлөвлөж, Америкийн эрчим хүчний системийг салгахаар төлөвлөж байгаа гэж ч тэрбээр хэлж байжээ.
Прокуророос Moderna компанийн төлөөлөгчид вакцинуудыг шалгаж үзээд, ашиглахад тохиромжтой гэж үзвэл Бранденбургийн ялыг хөнгөлнө гэжээ. Бранденбург бага насны хоёр хүүхэдтэй бөгөөд вакцинуудыг хөргөгчнөөс гаргаад, 12 цаг гаруй байлгаж, зориудаар муудуулсан гэнэ. Өмгөөлөгч нь эхэндээ санамсаргүй ийм үйлдэл хийсэн гэж байсан боловч эцэстээ түүнийг санаатайгаар үйлдсэн болохыг хүлээн зөвшөөрчээ.
Эмзүйчийг ажлаас нь халж, хөрөнгө сүйтгэсэн, аюулгүй байдалд заналхийлсэн гэж буруутгасан байна. Харин тэр 10 000 долларын барьцаатайгаар суллагджээ.