УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: Сүүлийн хоёр, гурван сар ажлын хэсэг сайн ажиллаж байгаа. Хуульд хамгийн чухал зүйл нь нийгэмд шударга ёс тогтоох зарчим суусан. Хуулийн төслийн 14-р зүйл дээр шүүхийн тогтолцоог зааж өгсөн. 14.3-д шүүхийг эрүү, иргэн, захиргаа гэж зааж өгнө гэсэн ч ажлын хэсэг авсан байна.
Энэ төрлийг дээд шүүх өөрөө зааж өгөх юм уу? Хууль гарсаны дараа анхан болон давж заалдах шатны шүүхийн одоо байгаа бүтэц өөрчлөгдөх үү? Хуучин хууль дээрх 18.1.4 дээрх иргэний оролцоог бий болгодог заалтыг байхгүй болгосон байна. Хөдөлмөрийн хуулиар зохицуулдаг харилцааг энэ хуулиар зохицуулахаар шийдсэн байна.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Одоо бол эрүү, иргэн, захиргаа гэж бичиж байгаа. Энэ нь цаашид задрахыг үгүйсгэхгүй. Авлигын, гэр бүлийн эсвэл хүүхдийн хэргүүдийг дагнаж шийддэг шүүх бий болохыг үгүйсгэхгүй. Бусад улс оронд байдаг шиг онцлог хэргүүд дээр мэргэшиж дагнах чиглэлд өөрчлөлт орж болзошгүй. Шүүх байгуулах тухай тусдаа хууль гарна. Энэ хуулиар шийдэгдэнэ.
Дээд шүүхийн шүүгч Ц.Цогт: Шүүх байгуулах тухай хуулиар шүүх байгуулагдан ажиллаж байгаа. Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар шүүхийн тогтолцоонд өөрчлөлт орохгүй. Дагнасан, мэргэшсэн шүүх гэдгийг хадгалж явах нь чухал. Шүүн таслах ажиллагааны нэг онцлог бол маргаж байгаа талуудын аль нэгтэй дангаараа уулзаж болдоггүй. Дангаараа уулзахыг хориглож, талуудтай хамт уулзахыг зөвшөөрсөн.