УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбоотой гишүүдийн асуулт, хариултыг хүргэж байна.
УИХ-ын гишүүн Г.Дамдинням: Хууль бус үйл ажиллагаанууд хэний нөлөөгөөр хийгдээд байдаг юм бэ. Саарал ордонд хамгийн том яригдаж байгаа сэдэв Шүүхийн тухай хууль болчихоод байна. Шүүгчийг томилогдохоос нь өмнө чөлөөлөгдөх өргөдлийг нь бичүүлж аваад томилдог. Хурал хийгээд сууж байхад нь чөлөөлөх шийдвэр нь гарчихсан байдаг гэсэн ярианууд яваад байдаг. Үүнийг УИХ шалгаж, шийдвэрлэх цаг нь болсон. Шүүгч нарыг нөлөөлөлд оруулахгүй байх, шударга ажиллах нөхцөл боломжийг хангасан ямар өөрчлөлт энэ хуульд орсон бэ.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Шүүгчдийг томилохдоо чөлөөлөгдөх өргөдлийг нь бичүүлж авдаг, үгэнд нь орохгүй бол огноогүй өргөдлийг нь гаргаж ирж, огноо тавьж байгаад явуулчихдаг, өөрөө мэдээгүй байхад ажлаасаа чөлөөлөгдсөн байсан гэдэг ярианууд бий. Би хажууд нь байгаагүй учраас баталгаа, нотолгоотой дүгнэлт хийж чадахгүй байна.
Ийм яриа байгаа учраас, томилж байгаа этгээдээс шүүгчийг хараат бус байлгах үүднээс тодорхой заалтууд оруулж байгаа. Тодруулбал, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч нь өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө Ерөнхийлөгчид биш УДШ-ийн нийт шүүгчдэд гаргана. Тэр өргөдлийг УДШ-ийн нийт шүүгч тэр өргөдлийг хэлэлцэнэ. Үндэслэлтэй гэж үзвэл Ерөнхийлөгчид уламжилна.
Мөн УДШ-ийн ерөнхий шүүгч нь өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх болсон үндэслэлээ олон нийтэд урьдчилж заавал мэдээлнэ. Гэх мэтчилэн заалтуудыг ажлын хэсээс оруулсан. Та бүхэн дэмжвэл батлагдана. Энэ нь урьдчилж өргөдөл бичүүлж авдаг зэргээс хамгаалж байгаа хэрэг юм.
Н.БАТАА