Нийслэл хотын хүн амын хаврын хэрэгцээнд зориулж нийтдээ 12.5 мянган тонн мах бэлтгэнэ. Энэ хэмжээний махыг бэлтгэхээр 16 ААН ХХААХҮЯ-тай гэрээ хийгээд байна.
ААН-үүдийн мах бэлтгэлийн явц өнөөдрийн байдлаар 70 хувьтай байгаа аж. Тодруулбал, нийт бэлтгэх махны 70 хувийг агуулахад аваад байна. 4-5 ААН 100 хувь бүрэн бэлтгээд байна. Гэхдээ энэ жил “Ковид-19” цар тахалтай холбоотойгоор мах бэлтгэлийн ажил бага зэрэг удааширч байгаа аж.
Ирэх хаврын мал бэлтгэлийг өнгөрсөн намар эхлүүлжээ. Гэвч 11 дүгээр сараас эхэлсэн дахин хөл хориотой холбоотойгоор хөдөлгөөнийг хязгаарласнаар аймаг, орон нутгаас мах татан авах тээвэрлэлт түр саатаад байв.
Нөөцийн махыг гол төлөв зүүн аймгуудаас бэлтгэж байна. Мөн Хөвсгөл, Булган аймгаас бэлтгэж байна. Баян-Өлгий аймгаас халал аргаар бэлтгэсэн мах нийлүүлж байна.
Ташрамд мэдээлэхэд, мах бэлтгэх болон мах экспортлогч ААН-үүдэд зориулж ХХААХҮЯ, Мал эмнэлгийн ерөнхий газар, Стандарт хэмжил зүйн газар, МҮХАҮТ, Мал эмнэлгийн ариун цэврийн төв лаборатори зэрэг байгууллагын үйлчилгээг нэг дороос авах боломжтой “Нэг цэгийн үйлчилгээ”-ний төвийг 2020 онд байгуулсан.
Уг төвд үйлчлүүлснээр аж ахуй нэгжүүд мах экспортлох болон бэлтгэхэд шаардлагатай холбогдох бичиг баримт бүрдүүлэхэд цаг алдахгүй. Мөн дээж шинжилгээний хариу авах, олон улсын мал эмнэлгийн гэрчилгээ, гарал үүслийн гэрчилгээ зэрэг бичиг баримтыг 1-3 хоногт багтаан авах боломж бүрджээ.
Эх сурвалж : ХХААХҮЯ