Монгол Улсын ДНБ энэ оны эхний улиралд 10.7 хувиар буураад байна. Уул уурхайн олборлолт 29.5, бүтээгдэхүүний цэвэр татвар 7.9, үйлчилгээний салбар 6.8 хувиар буурсан нь эдийн засгийн гол үзүүлэлт болох ДНБ-нд нөлөөлжээ.
Харин ХАА-н салбар 14 хувиар, аж үйлдвэр, барилгын салбар 6.4 хувиар тус тус өссөн дүнтэй байна. Эдийн засгийн өсөлт оны эхний хагас буюу II улиралд өмнөх онтой харьцуулахад 9.7, III улиралд 7.3 хувиар буурсныг ҮСХ-ноос мэдээлж байна. Тэгвэл оны эцэст эдийн засгийн үзүүлэлтүүд ямар байна вэ? ҮСХ-ны мэдээгээр ААН, иргэдэд олгосон нийт зээлийн үлдэгдэл энэ оны 11 дүгээр сарын эцэст 17 их наяд төгрөг болжээ. Үүнийг өмнөх сартай харьцуулахад 214.3 тэрбум төгрөгөөр, өмнөх оныхоос 1.2 их наяд төгрөгөөр буурчээ.
Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн нийт хэмжээ энэ оны эхний 11 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 9.1 их наяд төгрөг, үүнээс тэнцвэржүүлсэн орлого тусламж 8.3 их наяд төгрөг болоод байна. Улсын нэгдсэн төсвийн нийт зарлага болон эргэн төлөгдсөн нийт зээлийн хэмжээ 12 их наяд төгрөг болж, өмнөх оны 2.8 их наяд төгрөгөөр буюу 30 хувиар өсжээ.
Төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 3.7 их наяд төгрөгийн алдагдалтай гарчээ. Инфляцийн түвшин 11 дүгээр сард 3.5 хувьтай гараад байна. Худалдааны салбарын нийт борлуулалт 17.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.6 их наяд төгрөгөөр буюу 8.6 хувиар буурчээ.
Энэ онд манай улсын нүүрс, зэсийн орлого буурч, алт, төмрий хүдрийн экспорт нэмэгджээ.
Эдийн засагт голлон нөлөөлдөг экспорт, импортыг тодорхойлдог гадаад худалдааны нөхцөл байдлыг энэ оны 11 дүгээр сарын байдлаар танилцуулвал экспорт 6.8 тэрбум ам.доллар импорт 4.8 тэрбум ам.доллар болж, гадаад худалдааны тэнцэл 1.9 тэрбум ам.долларын ашигтай гараад байна. Ийнхүү ашигтай гарахад алтны экспорт 4.7 хувь, дахин нэмэгдэж 1.6 тэрбум ам.долларт хүрч, импортын хэмжээ 12.5 хувиар буурсан нь голлон нөлөөлжээ.
Гол нэрийн түүхий эдийн экспортын хувьд зэсийн баяжмал, нүүрсний экспортын орлого багассан бол төмрийн хүдэр, алтны экспортын орлого өсжээ. Тодруулбал, оны эхний 11 сарын байдлаар зэсийн баяжмалын экспортын орлого 1.5 тэрбум ам.доллар байгаа нь өмнөх оны мөн үеэс 8.6 хувиар, нүүрсний экспортын хэмжээ 26.9 сая тонн байгаа нь өмнөх оны мөн үеэс 7.7 сая тонноор буурсан үзүүлэлт болж байна.
Төмрийн хүдрийн экспортыг орлого 587.8 сая ам.долларт хүрч, 68.6 сая ам.доллароор нэмэгдсэн бол алтны экспортынх 20.2 сая тонноор нэмэгдэж 27.7 тонн болж, 1.6 тэрбум ам.долларын орлогыг бүрдүүлээд байна. Манай улс анх удаа энэ онд түүхэндээ 23 тонн алтны нөөц бүрдүүлж, гадаад валютын нөөц мөн түүхэндээ 4.5 тэрбум ам.долларт хүрч шинэ оноо угтаж байна.
Б.Эрдэнэ