Засгийн газрын хуралдаанаар тусгай зориулалтаар 2021 онд агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээг тогтоолоо.
Ирэх онд нийт аргаль угалз 100, халиун буга 60, бор гөрөөс 40, цагаан зээр 160, агнуурын шувуу 250, саарал чоно 35 хүртэл толгойг тус тус агнах, тул загас 540 хүртэл толгойг барьж буцаан тавих, бусад загас 5000 хүртэл толгойг барьж болохоор тогтоов.
Мөн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн гуравдугаар үе шатны төслийн хүрээнд байгуулах зээлийн хэлэлцээрүүдийн төслийг хэлэлцээд гарын үсэг зурах эрхийг Сангийн сайдад олгов. Гуравдугаар үе шатны төслийн санхүүжилт нийт 43.6 сая ам.доллар бөгөөд 2020-2023 онд хэрэгжих юм.
Түүнчлэн “Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай” Монреалын протоколын нэмэлт өөрчлөлтөд нэгдэн орсныг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
Б.Эрдэнэ