УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
УИХ-аас 2020 оны 04 дүгээр сарын 29-нд дээрх хуулийг яаралтай горимоор хэлэлцэж баталсан. Уг хуулийн хүрээнд Засгийн газрын 29, Улсын онцгой комиссын 12 тогтоол, 32 хурлын тэмдэглэлээр яамд, төрийн захиргааны байгууллага, засаг захиргааны нэгж, хуулийн этгээдэд давхардсан тоогоор Засгийн газрын тогтоолоор 174, Улсын онцгой комиссын тогтоолоор 52, хурлын тэмдэглэлээр 293 үүрэг, чиглэл өгсөн юм.
Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх зорилгоор Засгийн газрын тогтоолоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг 2020 оны 2 дугаар сарын 13-наас гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлж, үйлчлэх хугацааг 10 удаа, 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, үйлчлэх хугацааг 4 удаа сунгаад байгаа. Гэлээ ч улс орны нийгэм, эдийн засгийн чадавх, төсөв, санхүүгийн байдлаас шалтгаалан зарим шийдвэрийн хэрэгжилт хангалтгүй байна. Цаашид коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал энэ байдлаар удаан үргэлжилбэл Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, нэн ялангуяа нийгмийн эрүүл мэндийн аюулгүй байдал, нийгэм, эдийн засгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж, эдийн засгийн хямралт нөхцөлийн түвшинд хүргэхэд ойрхон байна гэж Засгийн газар үзэж байгаа аж. Иймээс цар тахлын өнөөгийн болон цаашид үүсэх нөхцөл байдал, тулгарч байгаа сорилт, хүндрэл бэрхшээлийг харгалзан уг хуулийн үйлчлэх хугацааг сунгах, хуульд зарим нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр хуулийн төслийг боловсруулж өргөн мэдүүлээд байгаа юм.
Байнгын хороо хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулах үед олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусгасны зэрэгцээ төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг үсэг, дэс дарааллын чанартай зарим засвар оруулж, хуулийн төслийн эцсийн хувилбарыг боловсруулсан байна.
Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Н.Алтанхуяг нар асуулт асууж тодруулсан бөгөөд гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Байнгын хорооны танилцуулгыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, төслийг эцэслэн батлуулахаар тогтов.
УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс