Монгол Улсын их хурлаас “Эрдэнэт үйлдвэр, Монголросцветметийн талаар авах зарим арга хэмжээний тухай” шийдвэрийн дагуу хэрэгжүүлсэн Засгийн газрын арга хэмжээг хууль бус гэсэн шийдвэрийг эсэргүүцэж “Эрдэнэт – Ард түмний өмч” ТББ-аас өнөөдөр мэдэгдэл гаргаж Орхон аймагт “Эрдэнэт үйлдвэр”-ийн оффисын гадна эсэргүүцэл илэрхийлэн жагсчээ.
Тэд мэдэгдэлдээ “Эрдэнэт үйлдвэр”-ийг луйвар, булхайн аргаар гүйцэтгэсэн ХХБ-ны эрх бүхий албан тушаалтнууд, Ц.Элбэгдоржийн гарын хүүхэлдэй, нутгийн дүү нь болох Ц.Пүрэвтүвшин, “Женко” нэрт “улстөр бизнесийн бохир бүлэглэл”-ийн удирдагч, Х.Баттулгын жолооч, санхүүч болох “сахал” хочит Д.Эрдэнэбилэг нарын луйврыг зөв хэмээн ХХБ-ны мэдэлд орсон, Ц.Элбэгдоржийн хараат ШҮҮХИЙНХЭН гаргалаа. Иймд энэхүү бохир бүлэглэлийн ард нуугдаж буй этгээдүүдийг илчилж, эрдэнэт үйлдвэрээ эдгээр бузар этгээдүүдийн савраар салгаж авахын төлөө тууштай тэмцэх болно гэдгээ мэдэгдэж байна” гэжээ.
“Эрдэнэт – Ард түмний өмч” ТББ нь “Эрдэнэт үйлдвэр”-ийг худалдан авсан булхай үйлдлийг эсэргүүцэж 2016 оны долдугаар сарын 26-наас эхлэн “Эрдэнэтийн луйврыг эсэргүүцэх хөдөлгөөн” байгуулагдсан бөгөөд УИХ, Засгийн Газарт удаа дараалан шаардлага мэдэгдэл хүргүүлж, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэдийг нэгдэж тэмцэхийг уриалж байсан билээ.
Тус хөдөлгөөн богино хугацаанд буюу 7 хоногийн дотор эрдэнэтийн 15 мянга гаруй иргэдийн гарын үсэг цуглуулж, “Эрдэнэт – Ард түмний өмч” нэртэй төрийн бус байгууллага болон өргөжиж, шударга ёс, хуулийн засаглалыг дэмжигч төрийн бус байгууллагууд, иргэдийг уриалан дуудаж энэхүү тэмцлээ тасралтгүй явуулсаар ирсэн байна.
Эх сурвалж: http://shuum.mn/news/newsid/29871/catid/1