Арванхоёрдугаар сарын 29-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн гурван, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лабораторид, Дархан, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лабораторид 12828 шинжилгээ хийлээ. Ингээд 20 тохиолдол шинээр бүртгэгдлээ.
Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 1,195 болсноос дотоодын халдварын тоо 720 боллоо. Үүнээс 824 нь эдгэрч, ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Яармагийн эмнэлэг, Сэлэнгэ аймгийн эмнэлэгт нийтдээ 361 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 2, хүнд 6, хүндэвтэр 96 хөнгөн 263 хүн байна.
Өчигдөр Тэнүүн-Огоо компанийн ажилтан, автобусны хоёр жолоочоос халдвар илэрсэн талаар мэдээлж байсан. Тухайн компанийн ажилтан 10-аад жолооч бөөнөөрөө салхинд гарсан байна. Тэдгээрийн дотроос хоёр хүнээс халдвар илэрлээ. Бусад хүмүүсийг нь тусгаарлаад байгаа. Тухайн автобус баазын 90 гаруй хүнээс шинжилгээ авсан бөгөөд одоогийн байдлаар нэмж халдвар илрээгүй байна гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.
Л.Баяр