Улсын онцгой комиссоос 2020 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн 30-ны өдрийг дуустал Баянзүрх дүүргийн 70.000-80.000 иргэнийг ПГУ /PCR/-ын шинжилгээнд хамруулж, тандалт хийхээр шийдвэрлэсэн.
Энэ дагуу Нийслэлийн онцгой комисс, Дүүргийн онцгой комисс, Нийслэлийн Эрүүл мэндийн газраас хамтран Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 19 сургуулийн байранд шинжилгээ авах ажлыг зохион байгуулж байна.
Мөн тус дүүрэгт нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудаас гаргасан тандалт, хариу арга хэмжээ авах явуулын баг ажиллаж, шаардлагатай зарим газарт очиж шинжилгээ авч байгаа юм.
2020 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн 08:00 цаг хүртэлх өнгөрсөн 24 цагийн хугацаанд тус өргөтгөсөн шинжилгээнд Баянзүрх дүүргийн 10.530 хүнийг хамруулсан бөгөөд нийтдээ 71.950 хүн хамрагдаад байна.
Коронавируст “Ковид-19” халдварыг илрүүлэх, тандах зорилгоор зохион байгуулж буй өргөтгөсөн шинжилгээнд хамрагдаж амжаагүй иргэд ойролцоох шинжилгээний цэгүүдэд очих боломжтой бөгөөд халдварт цар тахлын эсрэг дор бүртээ хариуцлагатай хандан, өөрийн болон ойр дотны хүмүүсийнхээ эрүүл, аюулгүй байдлын төлөө хамтдаа сэргийлэхийг уриалж байна.
Нийслэлийн Эрүүл мэндийн газар