Оюуны өмчийн газрын мэдээллээр улсын хэмжээнд энэ оны эхний 11 сард шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварын патент авахаар 415 иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргасан нь өмнөх оны мөн үеийнхээс 9 (2.1 хувь)-өөр буурав.
Нийт мэдүүлсэн шинэ бүтээлийн 75 нь Патентын хамтын ажиллагааны гэрээний дагуу Монгол Улсыг нэр зааж гаргасан олон улсын мэдүүлэг юм.
Иргэн, хуулийн этгээдээс оны эхний 11 сард ирүүлсэн 334 бүтээлд патент олгосны 117 нь шинэ бүтээлийнх, 217 нь бүтээгдэхүүний загварынх байв. Энэ нь өмнөх оны мөн үеийнхэс шинэ бүтээлийн патент 62 (34.6 хувь)-оор буурч, бүтээгдэхүүний загварын патент 32 (17.3 хувь)-оор өсжээ.
Харин өнгөрсөн 11 дүгээр сард шинэ бүтээлд 6 патент, бүтээгдэхүүний загварт 19 патент олгосон нь өмнөх сарынхаас шинэ бүтээлийн патент 17 (73.9 хувь), бүтээгдэхүүний загварын патент 12 (38.7 хувь)- оор буурлаа.
Шинэ бүтээлд олгосон патент (давхардсан тоогоор)-ыг олон улсын ангиллаар авч үзэхэд 36 нь хүний хэрэгцээг хангах зүйл, 28 нь хими, төмөрлөг, 23 нь технологийн төрөл бүрийн арга ажиллагаа, тээвэрлэлт, 22 нь механик инженер, гэрэлтүүлэг, халаалт, зэвсэг, тэсрэх бодис, 19 нь барилга, уул уурхай, 20 нь бусад ангилалд хамаарч байв.
Оюуны өмчийн байгууллагад ашигтай загварын гэрчилгээ авахаар оны эхний 11 сард 212 иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргасан нь өмнөх оны мөн үеийнхээс 4 (1.9 хувь)-өөр буурлаа.
Мөн иргэн, хуулийн этгээдийн ирүүлсэн 194 ашигтай загварт гэрчилгээ олгосон нь өмнөх оны мөн үеийнхээс 49 (33.8 хувь)-өөр өсжээ.
Монгол Улсын хэмжээнд энэ оны эхний 11 сард барааны тэмдгийн эрхийн хамгаалалт авахаар 3846 иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргажээ. Нийт мэдүүлсэн барааны тэмдгийн 1826 (47.5 хувь) нь Мадридын хэлэлцээрийн дагуу Монгол Улсыг нэр зааж гаргасан олон улсын мэдүүлэг байв.
Мөн иргэн, хуулийн этгээдийн ирүүлсэн 3653 барааны тэмдэгт эрхийн хамгаалалт олгосон нь өмнөх оны мөн үеийнхээс 171 (4.9 хувь)-өөр өсөж, 1674 барааны тэмдгийг бүртгэхээс татгалзжээ.
Бүтээлээ зохиогчийн эрхээр хамгаалуулахаар энэ оны эхний 11 сард 931 иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргаснаас бүх бүтээлд шинээр зохиогчийн эрхийн гэрчилгээ олгосон нь өмнөх оны мөн үеийнхээс 15 (1.6 хувь)-аар өсжээ.
Б.Эрдэнэ