Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын мэдээг 2020.12.29-ний 11.00 цагийн байдлаар танилцуулав. Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 14035 хүн шинжилгээ хийхэд 38 хүний сорьцод коронавирус илэрсэн байна.
Энэ үеэр “Тэнүүн-Огоо” ХХК-ийн автобусны жолоочоос халдвар илэрсэн талаар сэтгүүлчид асуулт асуулаа. Асуултанд ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хариуллаа.
Тэрбээр “Тэнүүн Огоо” автобус баазад жолооч хийдэг хүнээс коронавирус илэрсэн. Тухайн хүн хамгийн сүүлд арванхоёрдугаар сарын 24-нд ажил дээрээ очсон. Энэ хүн Баянзүрх дүүргийн голомтоос эхтэй гэр бүлийн хавьтал юм. Тухайн иргэний гэр бүлийн хүн Баянзүрх дүүргийн эмнэлэгт сахиур хийж байхдаа коронавирусийн халдвараар өвчилсөн. Энэ иргэн нь жолоочтой ах дүүсийн харилцаатай, гэр бүлийн хүрээнд орж гардаг байсан учраас жолоочийг ойрын хавьтлаар тусгаарласан байсан. Нэгэнт жолооч өвчилсөн учраас “Тэнүүн Огоо” компанийн ажилчид тухайн иргэний ойрын хавьтал болсон. Тус компанийн жолооч, ажилчид гээд нийтдээ 90 хүнийг шинжилгээнд хамруулж, 10 гаруй хүнийг тусгаарласан. Одоогоор ойрын хавьтлаас коронавирус илрээгүй байна. Тухайн хүн Чингэлтэй-Зунжин гэсэн чиглэлийн автобусыг жолооддог байсан байна.
Арванхоёрдугаар сарын 20-24-ний өдрүүдэд тухайн автобусаар үйлчлүүлж байсан иргэд цэгүүдэд шинжилгээ өгөх шаардлагатай” гэлээ.
Л.Баяр