Жил бүрийн арванхоёрдугаар сарын 25-ны өдөр Зул сарын баярыг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. 2000 жилийн тэртээ Есүс Христ Израйлын Бэттлхэмд төрж, Христосийн шашинд “Ертөнцийг аврагч” хэмээн өргөмжлөгдөж байсан гэдэг домог бий. 300-аад оны сүүлээр Христийн шашинтнууд Ромын эзэнт гүрнийг хамарч эхэлснээр 1100 оны үед Кристмасын баяр шашны хамгийн өргөн хэмжээний ёслол болон хувирчээ. АНУ-д Зул сарыг 1870 онд үндэсний баяр болгосон байдаг. Азийн тивийн хувьд Өмнөд Солонгос, Филиппин, Макао, Тайвань улсууд Зул сарын баярыг өргөн хүрээнд тэмдэглэдэг. Түүнчлэн Африк тивийн цөөн орон Зул сарын баярыг шашны хүрээнд тэмдэглэн өнгөрүүлдэг байна.
Харин өнөөдөр дэлхийн 140-өөд орон албан ёсоор тэмдэглэдэг юм. Европын зарим орнуудад Зул сарын баяр болохоос нэг сарын өмнөөс бэлтгэж эхэлдэг бөгөөд энэ хугацааг Адвент хэмээн нэрлэдэг. Гэрээ цэвэрлэж айл болгон гацуур модоо чимэглэдэг нь элбэг дэлбэг байж, мөнхийн амьдралыг билэгддэг аж. Үүдэндээ гацуур модны мөчрийг чимэглэн өлгөсөн байдаг. Баярын өмнөх өдөр нь орон болгонд өөрийн гэсэн нэртэй. Жишээ нь Германд хайлигеабенд гэдэг. Энэ нь манайхаар бол битүүний өдөртэй ижилхэн.
Зул сарын баярын өдөр гэр бүлээрээ цугларч баярын ширээгээ засч угтдаг заншилтай.
Зул сарын баярыг Санта Клаусгүйгээр төсөөлөх аргагүй. Улаан өмсгөл, цагаан сахал, хөгжилтэй царайтай энэ өвгөн Зул сарын баярын өмнөх шөнө бэлэг тараадаг гэдэгт олон орны хүүхдүүд итгэн хүлээдэг. Түүнчлэн хүүхдүүд Санта Клаус цаа буга хөлөглөсөн чаргаар Хойд туйлаас нисч ирдэг гэдэгт итгэдэг. Санта Клаусын түүх гуравдугаар зуунаас эхтэй. Санта Клаусыг одоогийн Туркийн Мира хэмээх газар амьдарч байсан гэгээн Николай гэгч санваартан гэх нийтлэг ойлголт байдаг. Үлгэр, домогт өгүүлснээр сайхан сэтгэлт санваартан Николай ядууст тусалдаг, өгөөмөр нэгэн байжээ. Зул сарын баяраар мөнх ногоон гацуурыг элдэв тоглоом, саа, гэрэл зэргээр чимэглэдэг уламжлалтай.
Merry Christmas мэндчилгээний үг нь “Христ мэндэлсний баяр хүргэе” гэсэн үг ажээ. Үнэн хэрэгтээ хэн ч Христийн мэндэлсэн өдрийг мэддэггүй ч ихэнх итгэгчид 12 сарын 25-нд төрсөн хэмээн бат итгэдэг. Энэ л өдөр хүн бүр сүмд очин, өргөл барьц барьж, бэлэг солилцон, гэр орноо гацуур модоор чимэглэдэг. Зул сарын баярыг гэр бүлийн баяр ч гэж үздэг ажээ.
Л.Баяр