Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар болон холбогдох төрийн байгууллагын удирдлагууд Улаанбаатар хотын шалган нэвтрүүлэх товчоодын нөхцөл байдалтай танилцлаа.
Бүх нийтийн бэлэн байдал зарласантай холбоотойгоор сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнийг хязгаарласан. Баруунтуруун, Өлзийт товчоо, 22-ын товчооны бэлэн байдал, зорчих хөдөлгөөн, алба хаагчдын ажиллах нөхцөл, аюулгүй байдалтай танилцаж, тэдний саналыг сонслоо. Товчоодын хөдөлгөөн хэвийн байгаа бөгөөд иргэд хязгаарлах дэглэмийг мөрдөж байгааг албан хаагчид онцолж байв.
Шадар сайд шалган нэвтрүүлэх товчоодод ажиллаж байгаа цагдаа, эрүүл мэнд, мэргэжлийн хяналт, онцгой байдал, мал эмнэлгийн алба хаагчдын ажиллах нөхцөл байдалтай мөн танилцаж, холбогдох удирдлагуудад үүрэг чиглэл өглөө.
Улаанбаатар хотоос орон нутаг руу хүнс, шатахуун, эм, эмнэлгийн хэрэгсэл ачсан тээврийн хэрэгслийн жолооч, буяны ажил зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд л PCR шинжилгээ өгч явна. Халдвартай аймаг, сумаас Улаанбаатар хотод ирэх бол PCR, энэ аппарат байхгүй бол түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгнө. Халдваргүй аймаг, сумаас ирэх иргэд асуумж бөглөн нэвтэрч байна.
Б.Эрдэнэ