Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий консул Ж.Энхжаргалыг ОХУ-ын Эрхүү хотын дарга Р.Н.Болотов энэ сарын 22-нд хүлээн авч уулзав.
Эрхүү хотын дарга Р.Н.Болотовын Ерөнхий консул Ж.Энхжаргалд хариуцлагатай албанд томилогдсонд баяр хүргэж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд Эрхүү хот нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.
Тэрээр ирэх онд Монгол Улс, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жил, Эрхүү хотод Монгол Улсын ЕКГ байгуулагдсаны 50 жил, түүнчлэн Эрхүү хот байгуулагдсаны 360 жилийн ой зэрэг түүхэн, томоохон тэгш ойнууд тохиож байгааг дурдаад хамтран тэмдэглэх асуудлаар санал солилцлоо.
Уулзалтаар хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, ялангуяа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг илүү хөгжүүлэх, энэ хүрээнд Монголын аж ахуй нэгж, компаниудыг Эрхүү мужийн зах зээлд нэвтрүүлэх зорилгоор “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн яармаг зохион байгуулах, хотын дарга нарын харилцан айлчлалыг хийх, хот төлөвлөлт, экологийн асуудлыг шийдвэрлэх талаар туршлага солилцох, соёлын харилцааг хөгжүүлэх зэрэг тодорхой асуудлаар санал солилцов.
Гадаад харилцааны яам