“Монголын Тогвортой Санхүүжилтийн Хөтөлбөр”-ийн хүрээнд МонголБанк болон Тогтвортой Санхүүжилтийн (ТоС) Холбооноос жил бүр ТоС-ийн бодлогыг хэрэгжүүлэхэд онцгой ахиц дэвшил, амжилт гаргасан банкнуудыг тодруулдаг билээ.
Тус холбооноос 2020 оны “Онцлох ТоС Банк”-аар Голомт банк байгаль орчин, нийгмийн эрсдэлийн удирдлага, ногоон зээл, ТоС-ийн сургалт хөгжил зэрэг ажлуудаараа манлайлан шалгарчээ.
Голомт Банк нь 2020 онд байгаль орчин, нийгмийн эрсдэлийн удирдлагын системээ бүрэн шинэчилж, зээлийн байгаль орчин нийгмийн эрсдэлийг тухайн салбарын онцлогийг авч үзэн нарийвчлан үнэлж, байгаль орчин, нийгмийн эрсдэлүүдийг бууруулах зөвлөмж шаардлагуудыг харилцагчдадаа тавьж ажилласан нь шалгуурын чухал үзүүлэлт болсон байна.
Түүнчлэн тус банк нь НҮБ-ын “Хариуцлагатай Банкны Зарчмууд”-ыг үндэслэгч банкны хувьд дотооддоо “Тогтвортой Хөгжлийн Бодлого”-ыг шинэчлэн баталж, өөрийн дотоод үйл ажиллагаа, хүний нөөц, тайлагнал, хамтын ажиллагаа зэрэг банкны бүхий л үйл ажиллагааны салбарт тогтвортой хөгжлийн зорилтуудыг тусган ажиллаж байна.
Энэ хүрээнд 2020 оны онцлох ажлуудад банкны дотоод үйл ажиллагааг байгаль орчин, нийгэмд ээлтэй байлгах үүднээс хог хаягдлыг дахин ангилах системтэй болж, ангилсан хог хаягдлыг дахин боловсруулах төвүүдэд хүргүүлдэг болсон, цахилгааны болон усны хэрэглээг бууруулсан болон тогтвортой санхүүжилтийн сургалт хөгжлийн хүрээнд нийт 72 удаагийн 3259 хүн цагийн сургалт орсон зэрэг ажлуудыг зохион байгуулагчид онцоллоо.
Голомт Банк нь ТоС хөтөлбөрийг үүсгэн байгуулагдсан цагаас хойш дэмжин ажиллаж, анх 2016 онд ТоС Манлайлагч байгууллагаар сонгогдон ажиллаж байсан бол 2021 оны ТоС Манлайлагч банкаар тус банк дахин сонгогдож, ирэх жилийн тогтвортой санхүүжилтийг хөгжүүлэх ажилд манлайлан ажиллахаар болжээ.