Монгол Улсын Засгийн газраас “Ковид-19” цар тахлын дэгдэлтээс үүдэн Улаанбаатар хотод хатуу хөл хорио тогтоож нөхцөл байдал хүнд байгаа ч БОАЖЯ төлөвлөгөөт ажлуудаа цаг алдалгүй, хэвийн үргэжлүүлэх үүднээс өнөөдөр Удирдлагын зөвлөл хуралдаж Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хийж хэрэгжүүлж буй ажлынхаа талаар танилцууллаа.
Хурлаар Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Байгальд ээлтэй, нөөцийн хэмнэлттэй, үр ашигтай хэрэглээ, үйлдвэрлэлийг дэмжиж, хог хаягдлыг дахин боловсруулж, эрчим хүч үйлдвэрлэх, аюултай хог хаягдлыг боловсруулах үйлдвэр байгуулна” тусгасаны дагуу хог хаягдлын өнөөгийн байдал болон Хог хаягдал боловсруулан эрчим хүч үйлдвэрлэх төсөл”-ийн танилцуулгыг хийж санал солилцлоо.
“Хог хаягдал боловсруулан эрчим хүч үйлдвэрлэх төсөл”-ийг хэрэгжүүлснээр Алсын хараа 2050, Монгол Улсын Ногоон хөгжлийн бодлогын баримт бичиг, Засгийн газрын 2020-2024 оны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөлд туссан xoг хаягдлыг дахин боловсруулах хэмжээг 2024 он гэхэд 24 хувьд хүргэх, xor хаягдлыг боловсруулж дахин ашиглах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгальд булж зайлуулах хаягдлын хэмжээг бууруулах боломжууд бүрдэх юм.
Мөн Удирдлагын зөвлөл Ховор ан амьтан, ургамлын өсгөн үржүүлж, ашиглалтын нөөцийг бий болгох ажлын хүрээнд 2020 онд хийж хэрэгжүүлсэн ажлууд болон ирэх дөрвөн жилд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг сонсож, мэдээлэл солилцлоо.
Тухайлбал, аргаль хонь, янгир ямаа, хулан адууны хамгаалалтын менежментийг сайжруулах арга хэмжээг 4 аймагт хэрэгжүүлэх, ховор амьтдад зориулсан биотехникийн арга хэмжээг явуулах, хар сүүлт зээрийн тооллого хийх, нөөцийг тогтоох судалгаа явуулах зэрэг олон ажлыг төлөвлөсөн юм.
Түүнчлэн Байгаль орчин, аялал жуулчлалын яам хатуу хөл хорио тогтоосон энэ үед иргэн, аж ахуйн нэгжийн албан бичгийг webmaster@mne.gov.mn хаягаар хүлээн авч шийдвэрлэн ажиллаж эхэллээ. Та БОАЖЯ-д ирүүлэх материалын бүрдэл хангасан албан бичгийг цахимаар ирүүлнэ үү.
Эх сурвалж: БОАЖЯ