Юуны өмнө дэлхий даяар тархаад буй Ковид-19 цар тахлаас үүссэн эдийн засгийн хүндрэлийг даван туулахад томоохон хувь нэмэр оруулж буй “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн уурхайчид, ажилтан албан хаагчид та бүхэнд гүн талархал илэрхийлье.
Өдгөөгөөс 10 жилийн өмнө анхны нүүрсээ олборлож байсан энэ уурхай өнөөдөр Монголын бүх аж ахуйн нэгжүүдийг тэргүүлэгч, томоохон компани болон бэхжиж, бүтээн байгуулалтын төслүүдийг хэрэгжүүлж, төр сайн менежер мөн гэдгийг олон нийтэд таниулж чадсан Үндэсний их бүтээн байгуулагч хамт олон болжээ. Энэ бүх амжилт бол та бүхний хөдөлмөр зүтгэл, ажилдаа эзэн болж, оновчтой, зөв менежментээр ажилласны үр шим билээ.
Танай хамт олны 10 жилийн хугацаанд туулсан түүхэн хөгжил, даван туулсан хүндрэл бэрхшээл, амжилт үр дүн бүхэн тань Монголчуудын сайн сайхны төлөө олон арван жил хийх их үйлс, том зорилт, бүтээн байгуулалтын эхлэл болон тодоор бичигдэж үлдсэн. 2017 оноос “Эрдэнэс-Тавантолгой” ХК алдагдалгүй ашигтай ажиллаж, өргүй болж, 2019 онд анх удаа төрийн компани 1 тэрбум америк долларын борлуулалтын орлого олж, түүхэнд 1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан компани болон бүртгэгдэж, 1072 хувьцааг амилуулж, 2.5 сая иргэндээ ногдол ашиг тарааж, томоохон төслүүдээ эхлүүлж, шинэ төмөр замуудаа санхүүжүүлсэн зэрэг амжилтыг онцолж болно.
Түүнчлэн Нийслэл Улаанбаатар хотын утааг бууруулах их үйлсэд нийгмийн хариуцлагаа биелүүлэн оролцож, “Тавантолгой-Түлш” ХХК-ын үйл ажиллагааг 2018 оноос хойш санхүүжүүлж, дэлхий нийтэд тархаад буй Ковид цар тахлын эсрэг Засгийн газрын шийдвэрийг биелүүлж, түлшний үнийг 75%-иар бууруулахад хувь нэмрээ оруулсаар байгаа нь хувьцаа эзэмшигчдийн талархлыг хүлээсэн томоохон алхам болсныг тэмдэглэн хэлэхийг хүсэж байна.
Монгол улсын Засгийн газрын бодлого, зорилтыг хангах хүрээнд “Эрдэнэс-Тавантолгой” ХК цаашдаа дэлхийн жишиг уурхай болон хөгжиж, дэд бүтэц, төмөр зам, авто зам, Угаах үйлдвэр, Цахилгаан, дулааны станц, хүнд хөнгөн төрөл бүрийн үйлдвэрүүдийг барьж байгуулахаас эхлээд шинэ Хот бүтээн босгох, олон мянган ажлын байрыг шинээр бий болгох гээд Үндэсний их бүтээн байгуулалтын ажлуудыг хэрэгжүүлж, байгалийн баялгаас төр, хувьцаа эзэмшигч иргэн бүрдээ ашиг хүртээх хариуцлагатай үүргийг хүлээгээд байна.
Энэ бүх төлөвлөлт, бүтээн байгуулалт, хариуцлагатай ажлууд 10 жилийн турш халуунд нь халж, хүйтэнд нь хөрж, туршлагажсаар ирсэн, хариуцсан ажилдаа хоёргүй сэтгэлээр зүтгэсэн уурхайчид, ажилтан, албан хаагчид Та бүхний шаргуу хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүнд бий болох учиртай. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хамт олон нэгэн сэтгэлээр, том зорилтын төлөө улам эрчтэй ажиллаж, Монгол Улсын эдийн засгийн хөдөлшгүй багана нь байж, эх орны ирээдүйн хөгжлийг манлайлан түүчээлнэ гэдэгт итгэлтэй байна. Ингээд Та бүхэнд Монгол Улсын Засгийн газар болон Монголын нийт иргэдийн өмнөөс 10 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх