ЭМЯ-ны мэдээллийн үеэр Төрийн нарын бичгийн дарга Я.Амаржаргал эмнэлгийн ариутгал халдваргүйтлийн талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Манай улсын хувьд коронавирусийн халдвар бүртгэгдсэнээс хойш лабораторид суурилсан тандалт, шинжилгээг тасралтгүй хийж байгаа. Халдварыг илрүүлэхээр ойрын болон дам хавьтлыг олж тогтоох, амьсгалын замын өвчлөл, уушгины тасагт хэвтэн эмчлүүлэгчдийг шинжилгээнд хамруулах ажлыг хийсээр байна. ДЭМБ-аас манай улсад хийсэн үнэлгээгээрээ дотоодод хийгдэж байгаа шинжилгээ чанарын шаардлага хангасан гэж дүгнэсэн.
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг тогтооход гэртээ буцаж чадахгүй болсон иргэдийн асуудлыг шийдэхийн тулд 110 мянган иргэнийг шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулсан.
10 хоногийн хугацаанд 100 гаруй мянган иргэнийг шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж байхад ганц нэг шинжилгээ авах цэг дээр алдаа дутагдал гарсан. Энийг бид мэдэж байгаа. Энэ дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ЭМЯ-нд албан тоотоор урсгал зохион байгуулалт буруу байна, шаардлага хангахгүй байна, сорьц авч байгаа өрөөний хогийн сав таггүй байна, иргэдийн биеийн халууныг үзээгүй, гарыг нь ариутгаагүй байна гэх мэт 15 чиглэлийн үйл ажиллагааг сайжруулах шаардлагатай гэсэн албан тоот 12 сарын 1-нд ирүүлсэн. Ийнхүү бид мэргэжлийн хяналтаас ирсэн зөвлөмж, чиглэлийн дагуу үйл ажиллагаагаа сайжруулан ажилласан.
Өнөөдөр бид Баянзүрх дүүргийн ер гаруй мянган иргэнийг “нэг өрх, нэг иргэн” гэсэн шинжилгээнд хамруулан ажиллаж байна. Нийт 19 цэг дээр шинжилгээ авч байгаа. Ингэхэд ямар нэгэн алдаа дутагдал одоогоор гараагүй байна.
Сорьцоо зориулалтын дагуу зөөж байна, эрүүл мэндийн ажилтнууд халдвар хамгааллын дэглэмээ маш сайн мөрдөж ажиллаж байгаа. Шинжилгээний сорьц хөлдсөн зүйл гараагүй.
Шинжилгээ өгөхөөр ирж байгаа иргэд ухамсартайгаар зайгаа барьж, гараа ариутгаж, амны хаалтаа зүүж байгаа. Харин сошиалаар бичигдээд байгаа энэ мэдээлэл бол сарын өмнөх буюу зуу гаруй мянган иргэнийг хөдөө орон нутаг руу явуулахаар шинжилгээ авч байхад нэг цэг дээр гарсан үйл явц. Тийм учир бүх цэг дээр үйл ажиллагаа муу байсан мэт ярьж болохгүй” гэлээ.
Л.Баяр