Коронавирусийн эсрэг РНК вакцин нь бие махбодод урьдчилан хэлэхийн аргагүй үр дагавар үүсгэж, дараа үеийнх нь эрүүл мэндэд ч нөлөөлж магадгүй хэмээн ХДХВ ретровирусийг нээснээрээ Нобелийн анагаах ухааны салбарын шагнал хүртсэн Люк Монтанье “France Soir” мэдээллийн порталд өгсөн ярилцлагынхаа үеэр мэдэгджээ.
SARS-CoV-2-ийн вакцин, тэр дундаа Moderna-гийн РНК вакцин (Pfizer —ийн вакциныг ч энэ зарчим дээр хийсэн)-тай холбоотой асуултад Нобелийн шагналтан тийм ч таатай бус хандаж байгаагаа хэлжээ. Ийм вакциныг бүтээхэд удаан хугацааны төсөл хэрэгжүүлэх шаардлагатай байсан. Харин яаралтай хэрэглээнд нэвтрүүлсэн нь цаашид алдаа болно гэжээ.
Вакциныг бүрэн шалгаж явуулаагүйгээс болоод бид хорт хавдар зэрэг урьдчилан таамаглахын аргагүй үр дүнтэй тулгарч болзошгүй. Биеийн эрхтнүүдэд хавдрын эс хяналтгүйгээр өсөн нэмэгдэх эрсдэлтэй гэж эрдэмтэн онцолсон байна.
“Иймэрхүү вакциныг санал болгож байгаа хүмүүс амьтад дээр цөөнгүй судалгаа явуулсан гэж мэдэгдэж байгаа. Энэ бол хүн дээр ашиглахад хангалтгүй. Хүнийг туршилтын “туулай” болгох нь ёс зүйгүй зүйл. Вакцинаас болоод нас баралт ч гарч болзошгүй” хэмээн Люк Монтанье ярьсан аж.
Сэтгүүлч түүнээс ийм вакцинуудаар дамжин дараа үеэ хордуулах эрсдэлтэй юу гэж асуухад Люк Монтанье “Хордуулах гэдэг үг хэтэрхий хүчтэй байж болно. Гэхдээ бид вакцинжуулалтаас хойш 1, 2, 3, 4, 5-р үед юу болохыг хэлж чадахгүй шүү дээ” гэжээ. “Үр хүүхэд, одоо байгаа үеэ, тэр ч байтугай өндөр настнуудаа вакцинаас болоод алга болгохыг бид өнөөдөр хүлээн зөвшөөрч болохгүй” гэжээ.
Вакцинжуулалт бол коронавирусийн асуудлыг шийдвэрлэх нэг гарц мөн боловч цорын ганц хувилбар биш гэж Люк Монтанье мэдэгдэж байна. Эмийн эмчилгээ байгаа ч үнэтэй тусаж байгаа гэнэ. Тухайлбал, азитромицин зэрэг антибиотик, бусад эмчилгээ, зарим ургамлын эмчилгээ, хумхааны бэлдмэлийг энд дурджээ. Мөн коронавирусийн гарал үүслийг мэдэх нэн чухал гэсэн байна.