УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын байгууллага болон Эрүүл мэндийн даатгалын сангийн ажилтай танилцах, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах үүрэг бүхий ажлын багийн тайланг сонслоо.
Ажлын багийг УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг ахалж, гишүүнээр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, С.Ганбаатар, С.Одонтуяа, Л.Энх-Амгалан болон Эрүүл мэндийн яамны удирдлагууд ажиллажээ.
Тайланг Ажлын багийн ахлагч М.Оюунчимэг танилцуулав. Тус ажлын баг Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хэрэгжилтийн дагуу өнгөрсөн сарын 1-нээс эхлэн хөнгөлөлттэй эм, эмнэлгийн үйлчилгээг ард иргэдэд хэрхэн хүргэж байгааг шалгаж, Чингэлтэй, Хан-Уул, Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төв болон өрхийн эмнэлгүүд, эмийн сангууд, Эрүүл мэндийн даатгалын газрын ажилтай танилцсан байна.
Хууль хэрэгжиж эхэлсэн эхний өдрүүдэд хөнгөлөлттэй эмийн жор бичүүлэх гэсэн хүмүүсийн бөөгнөрөл үүсэх, бичүүлсэн нэг жороор 2 өөр эмийн сангаас эмээ хувааж авах боломжгүй болох, хурууны хээ уншигчийн программ гацах, зарим эмийн сангууд зөвшөөрөл аваагүй гэх шалтгаанаар хөнгөлөлттэй эмээр үйлчлээгүй зэрэг асуудал үүссэнийг хугацаа алдалгүй шийдвэрлэх үүргийг ажлын багаас холбогдох газруудад өгчээ.
Мөн иргэдийн гомдол саналын дагуу нийлмэл найрлагатай зарим эмийг хөнгөлөлттэй эмийн жагсаалтад нэмж оруулснаар 136 нэр төрлийн 522 эмийн үнийг 30-70 хувийн хөнгөлөлттэй олгож, улсын хэмжээнд ажилладаг эрүүл мэндийн даатгалын ажилтны тоо 50 байсныг 105 болгож, хөнгөлөлттэй эмийн санхүүжилтийг 10 тэрбум төгрөгөөр нэмж, 3382 эмч жор бичдэг байсан бол 6500 орчим болгон өргөжүүлсэн зэрэг ахиц дэвшил гарсныг ажлын багийн ахлагч танилцуулгадаа онцоллоо.
Түүнчлэн, ажлын баг энэ сарын 15-нд коронавирусээр халдварласан эрүүл мэндийн ажилтнуудын нөхцөл байдлын талаарх мэдээллийг цахимаар сонсож, голомтод ажиллаж буй эмч нарын ачааллыг тэнцвэржүүлэх, анхан шатны нэгж, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд халдвар хамгааллын хэрэгсэл дутагдалтай байгааг анхаарч, эрүүл мэндийн цахим үйлчилгээний чанарыг сайжруулахад шуурхай ажиллах үүргийг ЭМЯ болон ХӨСҮТ-нд өгсөн байна.
Ажлын басгийн тайлантай холбогдуулж УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, С.Чинзориг, С.Ганбаатар, Ц.Сандаг-Очир, Б.Бейсен, Ж.Чинбүрэн нар санал хэлж, байр сууриа илэрхийллээ.
Гишүүд цар тахлын нөхцөл байдал өдөр өдрөөр өөрчлөгдөж буй учир эмнэлгүүдийг голомт болохоос урьдчилан сэргийлэх, орлого нь тасарч улмаар татаас авч болзошгүй эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагаанд анхаарах, хөдөө орон нутгийн иргэд хурууны хээ уншуулж байж хөнгөлөлттэй эм авдаг асуудалд уян хатан хандах эрх зүйн орчин бий болгох шаардлагатай гэдгийг хэлж байлаа. Ийнхүү байнгын хорооноос тогтоол гаргаж, Засгийн газарт үүрэг, чиглэг өгөх болов.
УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс